Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэн, Ерөнхий сайдаас асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Олон гишүүд үг хэлэх байх. “Хагацашгүй хань нөхөртөө мартагдашгүй муу үг битгий хэл” гэсэн үг байдаг. Үгээ бодож хэлээрэй.
Бас идэж буй тогоотой хоол руу гаа нулимдаггүй гэдэг үг байдаг. Тэр үгийг бас бодоосой. Олон засгийн газар унаж байсан. Ужгирсан тэмцлүүд байсныг бүгд мартаагүй байх. Эцсийн эцэст санал хураалтаар асуудал шийдэгдэнэ. Эргээд уулзах нүүртэй байна шүү. Улс орныхоо эх ашгийг бодсон, ард иргэдийнхээ амьдрал ахуйг өөд нь татахын төлөө байх хэрэгтэй. Ард түмэн бид нарыг харж байгаа. 126 гишүүн яаж ажилладаг гэдгийг харж байгаа тиймээс Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө, илүү ухаантай ажиллах ёстой шүү гэж хэлье.