Дулааны 3-р цахилгаан станцад гал гарч, 9-р турбингенератор шатаж, 1 хүн амиа алдан, 1 хүн түлэгдсэн. Энэ осолтой холбогдуулан, МҮЭХ-ны Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭХ өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ҮЭХ-ны дарга Дашдаржаа, “ДЦС 3” ХК-ийн ҮЭХ-ны дарга Энхсаран нар энэ хуралд оролцлоо.
Эрчим хүчний ҮЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга А.Дагвадорж:
-Монгол хүн өглөө ажилдаа яваад, орой гэрээ ирдэг байгаасай. Эрчим хүчний салбарт үйлдвэрлэлийн ослоор 2020 онд 3, 2021 онд 1, 2023 онд 3, 2024 онд 3 хүн нас барсан. Ажил үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан эдгээр ажилтнуудаа эмгэнэл илэрхийлж байна. Бид сайн найзаа, шилдэг инженерээ алдлаа. Ажилчид маань өнөөдөр сэтгэл санааны хүнд байдалд байгаа. Гэхдээ ажил үүргээ ухамсарлаад, засвараа үргэлжлүүлж байна. Өнөөдрийн байдлаар ослын дүгнэлт албан ёсоор гараагүй байна. Тиймээс дүгнэлтийн талаар бид ярихгүй. Гэхдээ ийм осол үүсэхэд хүргэсэн нөхцөл байдлын талаар яримаар байна.
2023.09.26-нд эрчим хүчний салбарын ажиллагсдын анхдугаар зөвлөгөөн хийсэн. Энэ зөвлөгөөнөөр ямар асуудал тавьсан бэ гэхээр, “Энэ салбар элгээрээ хэвтэх гэж байна шүү. Энэ салбарт ажиллах хүн олдохгүй байна. Цалин хөлс маш хангалтгүй. Нийгмийн хамгаалал баталгаагүй. Ажиллах орчин, нөхцөл аюултай буюу өндөр эрсдэлтэй байна. Үүндээ анхаараач ээ” гэдэг асуудлыг засагт тавьсан байдаг. Энэ зөвлөгөөнөөс гаргасан шаардлагын тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл, Сангийн сайд Б.Жавхлан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарт 2023.10.02-нд хүргүүлсэн.
ЭХЯ, Эрчим хүчний зохицуулах хороо юу хэлдэг вэ гэхээр “Бидэнд боломж нь ийм байна. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе. Та бүхний цалинг ийм хэмжээнд л нэмэх боломжтой байна” гэдэг юмыг байнга ярьж, ам тагладаг. Эрчим хүчний салбарынхан хагас цэрэгжилтийн байдалд ажилладаг. Тэнд ямар нэг байдлаар осол гарахад заавал зогсоох үүрэг хүлээдэг, дүрмээр. Эрчим хүчний байгууллагуудын техник, технологийн асуудал, 40, 50, 60 жил яг тэнд ажиллаж буй жирийн ажилтнуудын хүчээр явж байгаа. Шаардлага хүргүүлээд, мэдэгдээд байхад анхааралдаа ааагүй. Цаашид ийм осол гарах нь цаг хугацааны л асуудал. Энэ бол тодорхой. Ийм ажилд хүн ажиллах уу? Танай гэр бүлийн хүн ийм байранд л аижллаж байна.
Өнөөдөр ЗГ юу хийх ёстой вэ гэхээр, ажилтнуудын дуу хоолойг сонсоод, дорвитой арга хэмжээ авах байсан. Машины дугуй сольж байгаа юм шиг солих боломжгүй. Гэдээ маш их цаг хугацаа өнгөрсөн.
Эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат:
-Эрчим хүчний яам засаглалын хямралд орсон. Эрчим хүчний яам нь бодлогоо барьж чадахаа байсан. ЭЗХЯ байгуулаад баахан бодлогын асуудлаа өгчихсөн. Худасгуур төв гэж байгуулаад, 1 хэсэг бодлогоо өгсөн. Яам бодлогын бүх асуудлаас хойш суусан. Өөрийн хэрэгжүүлэх ёстой бүх чиг үүргээ бусдад шилжүүлсэн. Сүүлдээ Эрчим хүчний сайд нь хариуцлагаас зугтаагаад “Эрчист Монгол“ ХХК руу чихэж, хоорондоо асуудлаа шидэлцээд сууж байна. Ажиллах хүчнээ бодсон нэг ч шийдвэр гаргахаа больсон. Ажиллах хүчнээ намын томилгоогоор хийж байна. Мэргэжлийн бус томилгоо хийдэг болсон. Хууль зөрчөөд, БЭТ томилдог болсон. Дарга нар намын томилгоогоор томилогддог байсан бол сүүлдээ инженер, техникийн ажилтнуудаа хүртэл намын томилгоогоор хийж байна. Тэд нь ажлаа хийж байгаа ажилчдыг дарамталсан. Бүтээмжээ сайжруулаагүй. Үе үеийн сайд нар ажиллах хүчнээ бодсон шийдвэр гаргаж байгаагүй, ажилчидтайгаа нэг ч удаа уулзаж байгаагүй. Сүүлдээ эрчим хүчний салбарт ажиллах хүн олдохгүй байна.
Хоорондоо асуудлаа шидэлцэх биш, засаглалаа сайжруулах ёстой. Хариуцлагаа хүлээх ёстой. Бид ч мөн шаардаж, шахаж ажиллах болно.
2025-06-05 07:15:56
Сайд нь цахилгаан дулааны инженер байсан юмуу.