МАН-ын 7 дугаар бага хурал эхэлж байна. Хурлаар дараагийн Ерөнхий сайдыг тодруулах юм. Бид эл асуудлаар гишүүдийн байр суурийг тодрууллаа.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Эхлүүлсэн томоохон төслүүдийг яаж тасалдуулахгүй авч явах юм гэдэг нь чухал. Нөгөө талд нам дотроо учраа ололцдог, төрийн гурван өндөрлөгтэйгөө учраа ололцдог, МАН-ын бага хурал, удирдах зөвлөл, УИХ-ын гишүүд, кабинетынхаа итгэлийг хүлээсэн хүн байх хэрэгтэй.
Парламент дахь улс төрийн намуудтайгаа ойлголцохгүй бол энэ Ерөнхий сайд цаашдаа явахад хэцүү. Тиймээс парламентад суудалтай улс төрийн намуудтай заавал учраа ололцдог Засгийн газар байж гэмээнэ тогтвортой байна. Дангаараа явна гэвэл маш хүнд байгаа. Төр түшмэлээр дутдаггүй шүү дээ. Гагцхүү хүнээ зөв сонгох ёстой. Өмнөх бага хурлаар МАН дангаараа явна гэдэг шийдвэр гарсан. Ардчилсан намгүйгээр, дангаараа юм уу бусад нам эвсэлтэй хамтраад явах нь нээлттэй гэж би ойлгож буй. Би бага хурлын шийдвэрээ дэмжинэ.