Өмнөговь аймгийн Хүрмэн суманд орших Говьгурвансайхан уулын Ихтахилгат хайрхныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 08 дугаар сарын 23-ны 153 дугаар зарлигаар төрийн тахилгатай 9 дэх хайрхан болгосон юм. Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх журмын дагуу энэ хайрхныг тэнгэрийг 5 жил тутамд тахиж иржээ.
Харин орон нутаг уг хайрхнаа жил бүр уламжлалын дагуу ёс тахиж, уул ус, тэнгэр хангайгаа аргадаж иржээ. Үүний дагуу Өмнөговь аймгийн ЗДТГ өнөө жил уг хайрхнаа 6 дугаар сарын 20-нд тахихаар товложээ.
Говьгурвансайхан уулын Ихтахилгат хайрхны тэнгэрийг Өгэдэй хааны үеэс тахиж байсан түүхтэй. Өмнөговь аймгийн төв Даланзадгадаас баруун тийш 180 км цувран үргэлжилсэн нурууг Баруунсайхан, Дундсайхан, Зүүнсайхан гэдэг. Эдгээрийг хамтад нь Говьгурвансайхан гэнэ. Хамгийн өндөр нь Зүүнсайхан бөгөөд далайн түвшнээс дээш 2846 метр. Энэ ууланд Ёлын ам, Мухаршивэртийн ам, Улиастай ам, Тосонгийн ам, Дүнгэнээгийн ам зэрэг үзэсгэлэнт газар олон.
Баруунсайхан ууланд 400 сая жилийн өмнөх мантийн чулуулаг ил гарсан сонин тогтоц бүхий газар байдаг. Говьгурвансайхан байгалийн цогцолборт газрыг 1993 онд байгуулж, Баяндалай, Сэврэй, Булган, Хүрмэн, Гурвантэс сумын нийт 2.700 орчим га талбайг хамруулжээ.