Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.12) Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Ч.Лодойсамбуу, Ж.Баясгалан, С.Эрдэнэболд, С.Цэнгүүн, Б.Жаргалан, Д.Батбаяр, Б.Батбаатар, Г.Ганбаатар нар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Өргөн барьсан хуулийн төсөлтэй холбоотой байр сууриа УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өөрийн цахим хуудаст хуваалцсан байна. Тэрээр, “Энэ хууль зөвхөн сандал суудлын хуваарийн асуудал бус, эрх мэдэл хуваарилалтын хил заагийг тогтоох, парламентын ардчиллын гол амин сүнс болсон олонхи цөөнх тэдгээрийн байр суурь, эрх мэдлийн байршил, мэтгэлцээнийг зөв зохион байгуулалтад оруулах, УИХ-ын хяналтыг оновчлох, том дүр зургаараа Үндсэн хуулийн дэг журмыг хамгаалах зорилго бүхий хуулийн төсөл юм.
Хуулийн төслийг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд болон УИХ-д бүлэггүй намын гишүүд болох 40 гаран гишүүд хамтран өргөн мэдүүллээ. Олон улсын парламентын жишигт танхим дахь суудлын байршил нь олонхийн эрх мэдэл ба цөөнхийн хяналт, хариуцлагын илэрхийлэл болдог учраас улс төрийн соёл, шийдвэр гаргах арга барилд шууд нөлөөлдөг гэдгийг хууль санаачлагчид онцолж байна” гэжээ.