НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал 2026 онд Монгол улсад болно. Уг хурлыг угтах ажлын нээлт болгон Дундговь аймаг НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газартай хамтран, Цөлжилтийн эсрэг залуучуудын үндэсний форумыг энэ оны 6 дугаар сарын 16-17-нд Дундговь аймагт зохион байгуулах гэж байна.
Талуудын 17 дугаар бага хурал буюу COP 17-г зохион байгуулах нь асуудлыг цогцоор нь харах боломж юм. Манай улс тус хурлыг даргалах эрхийг хүлээн авч, НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцын бодлогын чиглэлийг тодорхойлоход голлох үүрэгтэй ажиллана. Хүн төрөлхтний ирээдүй болсон газар нутгаа хамгаалахын тулд Монгол Улсад зохион байгуулах Талуудын 17 дугаар бага хурал дээр “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” буюу “One for All, All for One” үзэл санааны дор нэгдэн ярилцахыг ч уриалж байгаа. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын асуудлыг шинэ түвшинд гарган, нэгдсэн ойлголтод хүрэх, улмаар шийдвэртэй алхам хийх нь уг хурлын зорилго юм байна.