Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалангаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн талаар тодрууллаа.
-Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэл гэж юуг хэлж байна вэ?
Энэ удаа Нийгмийн даатгалын багц хуулийг өөрчлөхдөө тогтолцооны шинэчлэл хийнэ. Хүн насан туршдаа НДШ төлчхөөд, тэтгэвэрт гарахдаа хамгийн багыг авдаг биш, хамгийн олон жил ажилласан, НДШ-ээ хамгийн олон жил тогтвортой төлсөн хүмүүс амьдралдаа хүрэхүйц тэтгэвэр авдаг болно. 1 эх үүсвэрээс биш олон эх үүсвэрээс тэтгэвэр авдаг болох юм. Суурь тэтгэвэр авдаг болно. Үүн дээрээ нэмээд, ажилласан жил, төлсөн НДШ-тэйгээ уялдуулж, амьдралдаа хүрэхүйц тэтгэвэр авдаг болох ёстой. Үүний зэрэгцээ хувийн тэтгэврийн сангаас нэмж тэтгэвэр авч болно. Ийм олон давхар тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх гэж байна.
-НДС одоо ямархуу байдалтай байна вэ?
-Нөгөө талаасаа НДС-гийн алдагдлыг багасгахад эдгээр хуулийн төсөл чиглэж байна. 160 тэрбум төгрөг 2 банканд байршуулж алдсан. Үүнээс болоод, НДС дампуурчихсан юм шиг ташаа ойлголт хүмүүст байна. Гэтэл НДС бол Монгол Улсад байгаа хамгийн том сан. Өнөөдөр 5.6 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 500 гаруй мянган иргэнд тэтгэвэр, тэтгэмж өгч байна.Үлйдвэрлэлийн ослоор хөдөлмөрийн чадвараа алдсан 10 гаруй мянган хүнд насан туршид нь амьжиргааг нь авч явдаг. Гэнэт ажилгүй болбол ажилгүйдлийн тэтгэмж авдаг. Энэ сан дампуураагүй байгаа учраас хүмүүс өнөөдөр тэтгэвэр, тэтгэмжээ авч байгаа шүү дээ.
НДС-д өнөөдөр 1.1 сая иргэн, 90 орчим мянган аж ахуйн нэгж НДШ төлж байна. Сайн дураараа НДШ төлдөг 130 мянган иргэн бий. Үүнийг хөрөнгийн том сан болгож хөгжүүлэх шаардлага байгаа.
-Гэр бүлийг дэмжих тухай хуулийн төслийн онцлог заалт юу вэ?
-Гэр бүлийг дэмжих тухай хуулийг өргөн барих болсон шалтгаан нь жилд 17.400 орчим гэр бүл бүртгүүлээд, 5-8 жилийн дараа 4 гэр бүлийн 1 нь салж байна. Энэ нь мөнгө санхүү, орон байр, ажилгүйдлээс болж байна. Гэр бүлийг дэмжсэн тогтолцоо өнөөдөр Монгол Улсад бий болоогүй юм байна. Тиймээс гэр бүлд суурилсан боловсролын үйлчилгээ, хөдөлмөрийн үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ, орон сууцны бодлого бий болж байж, гэр бүл тогтвортой болох юм.
-Эдгээр хуулийн төслийг шинэ ЗГ дэмжих болов уу?
ЗГ огцроод байхад яагаад ийм том ярьж байгаа юм бэ гэж шүүмжилж магадгүй. Эдгээр хуулийн төслийг боловсруулж, өргөн барихад 6 сар зарцуулсан. Эдгээр хуулийн төслийг өргөн барих хугацаа ЗГ огцрохтой давхцаж таарлаа. Шинэ ЗГ өмнөх ЗГ-ын бодлогыг үргэлжлүүлнэ. Өчигдөр томилогдсон шинэ Ерөнхий сайд “Миний хийх ажил бол өмнөх ЗГ-ын УИХ-аар батлуулсан мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэсэн учраас эдгээр хуулийн төслүүдийг УИХ баталж, эзнээ олсон, зорилтот бүлгүүдэд чиглэсэн тогтолцоо бүрдэнэ гэж итгэж байна.