horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

The Times: Путины түншийн явуулсан нэр хүндийг унагах кампанит ажлын “үр дүнд Монгол Улсын Ерөнхий сайд” огцорлоо

post-img

Английн өдөр тутмын “The Times” сонины цахим хувилбарт тус сонины гадаад мэдээний сурвалжлагч Ричард Ллойд Парригийн бичсэн нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.

Засгийн газрын эх сурвалжуудын батлан хэлснээр Л.Оюун-Эрдэнэ нь ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс идэвхтэй явуулсан төрийн эргэлтийн золиос болжээ.

Нэг нь АНУ-д боловсрол эзэмшсэн, өмнө нь хандив тусламжийн салбарт ажиллаж байсан хүн. Нөгөөх нь өмнө нь цэргийн салбарт ажиллаж байсан, ОХУ-ын Ерөнхийлөгч Путиныг шүтэн бишрэгч нэгэн. Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болох эдгээр хүний хоорондох төрийн эрх мэдлийн төлөөх тэмцэл сүүлийн хэдэн долоо хоногийн турш далдуур явагдсан юм.

Гэвч энэхүү тулаанд ОХУ-ын Ерөнхийлөгчтэй удаа дараа уулзсан, хамгийн сүүлд өнгөрөгч 5-р сард уулзсан эрхэм ялалт байгуулсан нь тодорхой боллоо. Монголын армийн хурандаа асан, Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн эрх мэдэл хэнд байгааг харуулж, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг албан тушаалаас нь түлхэн унагав.

Л.Оюун-Эрдэнэ “The Times”-д өгсөн тусгай ярилцлагадаа “Миний харамсаж байгаа зүйл бол ямар ч мөрийн хөтөлбөргүй, алсын хараагүй, зөвхөн улс төрийн эрх мэдлийг авахын тулд албан тушаалын төлөө тэмцэлдэж байгаа хүмүүс манай улсын хөгжилд сөргөөр нөлөөлж, ухраах болно” гэж хэлсэн юм. Тэрээр “Парламентын ардчиллыг хүчтэй, тогтвортой байлгаж, авч үлдэхийн тулд дараагийн алхмуудыг зөв хийх нь маш чухал” гэжээ.

Даваа гарагт /2025.06.09/ Л.Оюун-Эрдэнийн намын гишүүд түүний халааг авах хүнээр У.Хүрэлсүхийн ойрын хамтрагч түнш, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Гомбожавын Занданшатарыг нэр дэвшүүлсэн бол парламент түүний томилгооны асуудлаар пүрэв гарагт /2025.06.12/ санал хураах гэж байна.

Л.Оюун-Эрдэнэ өөрийг нь буруутгаж байгаа авлигын хэрэг явдалд ямар ч буруугүй бөгөөд энэхүү асуудлыг түүний нэр хүндийг унагахыг оролдож буй улс төрийн явуулгын нэг хэсэг хэмээн хэлж байна. Монгол Улсын Үндсэн хуулиар төрийн эрх мэдлийг УИХ-д сонгогдсон гишүүдийн дундаас тодорч, кабинетаа бүрэлдүүлдэг Ерөнхий сайд болон ард түмний сонголтоор шууд сонгогдож, зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн үүрэг гүйцэтгэж, мөн шүүгчдийг томилдог Ерөнхийлөгч нарт хуваан олгосон байдаг.

Засгийн газрын эх сурвалжуудын хэлснээр өдгөө 56 настай У.Хүрэлсүх нэг удаадаа 6 жилийн хугацаатай сонгогддог Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хоёр дахь удаагаа сонгогддог болгох нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахыг олон жилийн туршид хувиараа зүтгүүлж яваа ажээ. Мөн тэдний хэлснээр Л.Оюун-Эрдэнэ үүнийг нь үргэлж эсэргүүцсээр ирсэн боловч Л.Оюун-Эрдэнийн 23 настай хүү О.Тэмүүлэнгийн сүйт бүсгүйн нийгмийн сүлжээн дэх хуудсууддаа нийтэлсэн тансаг зэрэглэлийн брэндийн үнэтэй цүнх, сүйн бөгж болон “Мерседес бенз” машинд хамтдаа суугаа зургуудын улмаас нөхцөл байдал Ерөнхий сайдын эсрэг эргэсэн байна.

Тэдгээр зураг монголчуудын дунд удаан хугацаанд оршсоор ирсэн төрийн удирдлагууд нь албан тушаалаа ашиглан хөрөнгөжсөн гэх хардлагыг улам дэвэргэж, иргэд олноороо нийслэл Улаанбаатар хотын төвд орших Сүхбаатарын талбайд жагсжээ. Л.Оюун-Эрдэнэ ч мөн эрхэлж буй албан тушаалын цалин болон өөрийн хамтран эзэмшдэг кино продакшнаасаа гэр бүлийнхээ бүх хөрөнгийг бүрдүүлж чадна хэмээн зүтгэсэн байна.

Тэрээр “The Times”-д өгсөн ярилцлагадаа “Энэ жагсаал залуусын өөрсдөө зохион байгуулсан жагсаал байгаагүй” гэсэн юм. “Зарим залуус органик байдлаар өөрсдөө ирж жагссан байж болох хэдий ч цаанаасаа маш сайн зохион байгуулалттай жагсаал байсан” гэжээ. Мөн тэрээр “Энэ жагсаал бол хүүг минь ашиглан, миний нэр хүндийг унагах зорилготой улс төрийн кампанит ажил байсан” хэмээн нэмж хэлсэн юм.

Түүний тэргүүлж байсан Засгийн газрын эх сурвалжуудын хэлснээр Л.Оюун-Эрдэнэ стратегийн ач холбогдол бүхий уурхайнуудын 34 хувийг төр авч, тэдгээр уурхайг эзэмшдэг хүчирхэг бизнес эрхлэгчдийг хохироосон баялгийн санг байгуулснаараа өөрийнхөө эсрэг маш хүчтэй дайснуудыг бий болгосон байна.

Ерөнхий сайдыг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулалттай байсан гэдгийг нотлох баримт байхгүй. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газраас Ардчилсан нам улс төрийн дарамт шахалтаас болж гарсны дараа Засгийн газар тарж, Ерөнхий сайдыг унагахад хүргэв.

“The Times” энэ талаар тайлбар авахаар Монгол Улсын  Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн албанд хандсан болно.

0/1000
зочин

ха ха тэгсэн бол бүүр сайн

зочин

Ер нь бол татвар хураамж хэт нэмэгдсэн,ард түмний амьдрал уруудсан авилга хулгай гаарсан хүний эрх чөлөө хумигдсан мөн ах дүү нараараа нийлж төсвийн мөнгийг хулгайлсан гээд маш олон зүйлээс болж Оюун-эрдэнэ унасан ш дэ