Охид, эмэгтэйчүүдийн дунд “Mom’s boy” буюу ээжийн хүүтэй үерхсэн, суусан гэх асуудал яригдах боллоо. Энэ нь ээж хүн цаг үргэлж хүүгээ хянах, хосоос нь хүүгээ харамлах, хоорондын асуудалд нь байнга оролцохыг хэлж буй юм. “Ээжийн хөвгүүд” бие даан шийдвэр гаргаж чаддаггүй, бүх зүйл дээр ээжийнхээ амыг хардаг. Тэр байтугай хосын харилцаандаа ахиц гаргая гэхэд ээж дундуур нь байнга ордог. Тэгвэл “Mom’s boy” гэх ойлголтын талаар мэргэжлийн сэтгэлзүйч Б.Намуунтай ярилцлаа.
–“Ээжийн хүү” гэх нэршил сүүлийн үед охид, эмэгтэйчүүдийн дунд их яригдах боллоо. “Би ээжийн хүүтэй үерхээд байгаа юм шиг байна” гэсэн таамаглал их байна. Зарим хөвгүүн яагаад ээжийн хүү болдог юм бэ. Зарим эх яагаад хүүгээ бие даалгадаггүй юм бол?
-Ганц бие буюу өрх толгойлсон ээжүүд нөхөр болон хамтрагчаасаа авч чадаагүй үүрэг, хариуцлага, мэдрэмжүүдээ хүүдээ өгөх гээд байдаг. Өгөх өгөхдөө миний хүү бүх юм, миний амьдралын утга учир гэх нэрийдлээр хайраа хараа хяналтаар солих, андуурах тохиолдол байна. Өөрөөр хэлбэл тухайн ээж амьдралын хариуцлага, хосын харилцаанаас авч чадаагүй ганцаардсан, хаягдсан, үл тоогдсон мэдрэмжээ хүүдээ өгөх хандлагаас үүдэн “Ээжийн хүү” гэх нэршил гарсан гэсэн үг.
–“Ээжийн хүү”-д ямар ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Маш ойлгомжтой шинж тэмдэг гарч ирнэ. Хамгийн эхэнд бие даасан чадваргүй. Ямар нэгэн асуудал гарлаа гэхэд заавал ээжээсээ асуудаг. Асуудлаа өөрөө шийдэж чадахгүй, ээжээсээ зөвшөөрөл авдаг гэсэн үг. Хоёрдугаарт, эрх дураараа гэхээс илүү өөрийнхөө мэдрэмжийг дарсан хүмүүс байдаг. Сайн хүү байхын тулд нөхцөлтэй хайрлуулж өссөн учраас сайн байх гэж хичээгээд, эцэст нь хичээсэн ч би чадсангүй гэдэг хохирогчийн сэтгэлзүйтэй болдог. Мөн хосын харилцаанд орж чаддаггүй. Хосын харилцаанд орсон ч юманд ялдаг хүчирхэг эмэгтэйчүүдийг дийлэнхдээ сонгодог. Өөртэйгөө адилхан ээжийн охиныг сонгох нь ховор байдаг даа.
–“Ээжийн хүү”-тэй үерхэх, хамт амьдрах нь хосын харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Би чамайг хайрлаж байгаа гэсэн нэрийдлээр ээж нь бүх юмыг нь хорьдог, хянадаг, заадаг. Ийм нөхцөлд хосын харилцаанд байгаа эмэгтэй тухайн залуугийнхаа хувьд гоё, үнэ цэнтэй эмэгтэй гэх мэдрэмж авмаар байвч би хоёрдугаарт гэсэн мэдрэмж авч байдаг.
Дээрээс нь “Би ээжийн хүүтэй амьдраад байгаа шүү” гэсэн мэдрэмж байнга төрдөг. Өөрөөр хэлбэл “Би энэ хүний ээж шиг байвал намайг хайрлана. Ээж шиг нь адилхан зааж зөвлөвөл намайг хүндлэх юм байна” гэж ойлгодог. Гэтэл хэзээ ч ийм юм болдоггүй. Тухайн хүний хувьд амьдралынх нь туршид ээж нь бүх шийдвэрийг гаргаад, бүх амьдралаа түүний төлөө зориулсан мэтээр “Би чиний төлөө насан туршдаа…” гэсэн үг сонсдог учраас хамгийн эхэнд ээж нь байдаг.
Энэ нь хосын харилцаанд маш хортой буюу токсик байдал үүсгэдэг. Тиймээс энэ харилцаанаас гарах арга зам нь хүү ээждээ хайртай гэдгээ хэлэх хэрэгтэй. “Би таныг хайрладаг. Гэхдээ өөрийн гэсэн амьдралаа зохиох, авч явах хэрэгтэй байна. Үүнийг ойлгож, хүлээн зөвшөөрөөч” гэж хэлэх хэрэгтэй.
Нөгөө талд ээж нь эхнэрийг нь шүүмжлэх үед дуугүй байдаг нөхрүүд бий. “Ээж л юм хэлж байна шүү дээ. Сүртэй юм. Нэг чихээрээ оруулаад, нөгөө чихээрээ гаргачхаач” гэдэг. Түүнчлэн хосын харилцаандаа нэг шат ахиц гаргая гэхэд ээж байнга дундуур орж ирдэг. Нэг бол хүүгээ харамласан маягаар, эсвэл миний хүүг жаргааж чадсангүй гэдэг байдлаар ханддаг. Ингэхээр эхнэр хүн тэр харилцаанаас хайр, халамж мэдэрдэггүй. Цаашлаад бэлгийн харилцаан дээр хүртэл зөрчил гарна. Үүнээс болж араар тавих, салахад хүрдэг.
–Тэгвэл “Ээжийн хүү”-г яах вэ? Нөгөө талд өөрийнхөө амьдралын бүх зүйлийг хүүдээ тулгасан ээжүүдэд та юу гэж хэлэх вэ?
-Тийм ээжүүд “Би оролцохгүй л бол эхнэр нь буруу юм хэлчих вий дээ” гэж дандаа хүүдээ үл итгэсэн, үл хүндэтгэсэн байдлаар харилцдаг. Харин “Би байвал чадна” гэдэг буруу итгэл үнэмшлээр харилцаанд нь оролцох гээд байдаг. Ээж, хүү хоёрын харилцаа нэгэнт ийм дээрээ тулсан бол өөрсдийгөө анзаарах хэрэгтэй. Анзаарсан бол хүчлээд ч хамаагүй хүүдээ хувь хүнийх нь орон зайг олгох нь зөв. Амьдралд нь аливаа асуудал, бэрхшээл гарч ирэхэд, өөрөө даван туулах орон зай, боломж олгох ёстой. Хэрвээ та хүүгийнхээ амьдралд байн байн, олон удаа оролцоод байгаа бол хүү тань тогтвортой гэр бүл зохиож чадахгүй гэдгийг мэргэжлийн хүний хувьд хэлье.