horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Л.Хуягбаатар: Худал ташаа мэдээлэл авснаас болоод вакцинд хамрагдаагүй тохиолдлууд их байна

ХӨСҮТ-ийн цочмог гепатитын тасгийн эмч Л.Хуягбаатартай улаанбурхан өвчний талаар ярилцлаа.

———————————————————————-

-Улаанбурхан өвчний дэгдэлт энэ жил эрчимтэй нэмэгдэж байна. Шалтгаан нь юу байна вэ?

-Улаанбурхан өвчний дэгдэлт 2014-2016 онд маш хүнд байсан. 140 гаруй нас баралт бүртгэгдсэн. Үүний 90 орчим хувь нь нэг нас хүрээгүй багачууд байсан. Түүнээс хойш улаанбурхан гэдэг өвчин гараагүй байсан бол одоо дэгдэлтийн үе нь эхэлчихлээ. Ирэх жил ч дахиад үргэлжлэх төлөвтэй байна. Дараа жил одооноос илүү ачаалалтай, хүндрэлүүд нэмэгдэх магадлалтай гэж үзэж байгаа. Шалтгаан нь сүүлийн үед хүмүүсийн вакцинд хамрагдалт саарсантай холбоотой. Мөн аялал жуулчлал ихэсч байгаатай холбоотой вирус зөөвөрлөгдөж орж ирж байна. Ер нь аливаа халдварт өвчин өөрийн гэсэн цикльтэй. Энэ өвчний тухайд 10-12 жилийн цикльтэй. 2014 онд дэгдэж байсан бол 2025 онд энэ цикль нь таарч байна. Гэхдээ үүнийг зогсоох арга бол дархлаажуулалт. Хэрвээ дархлаажуулалт өндөр байсан бол энэ жил улаанбурхан тархахгүй байх магадлалтай байсан.

-Ямар замаар дамжиж халдварладаг талаар хэлэхгүй юу?

-Улаанбурхан нь вирусээр үүсгэгддэг, агаар дуслын замаар дамжин халдварладаг цочмог халдварт өвчин. Өвчний үед халдварлах чадамж гэж байдаг. Улаанбурхан өвчин маш өндөр халдварлах чадамжтай. Вакцин хийлгэх нас нь болоогүй, вакцинаа хийлгээгүй арван хүн тутмын нэг нь халдвар авах боломжтой. Шинж тэмдгийн хувьд эхний гурваас тав хоногт ямар нэгэн шалтгаангүйгээр маш өндөр халуурдаг. Халуурч байх явцад томуу, томуу төст өвчний шинж тэмдэг буюу нүд улайх, нүд нуухтах, нулимс гоожих, нүд бүлцийх, хамар битүүрэх, хоолой өвдөх, хуурай ханиах гэх мэт зовуурь илэрнэ.

-Эдгээр шинж тэмдэг илэрснээс үүдэж цаашдын уршиг нь ямар байдаг юм бол. Тухайлбал, халуурах үед?

-Улаанбурхан өвчин биеийн аль ч хэсэгт очоод үрэвсэл үүсгэх боломжтой. Нүдний үрэвсэл, дунд чихний үрэвсэл, төвөнх, залгиурын үрэвсэл, уушгийг үрэвсүүлээд уушгины хатгаа зэргийг үүсгэнэ. Хоол боловсруулах эрхтэн тогтолцоог мөн үрэвслүүлнэ. Ер нь биеийн аль ч хэсэгт хүндрэл үүсгэх боломжтой гэсэн үг. Тухайн эрхтний аль хэсэгт үрэвсэл үүсгэсэн байна, тэр нь хэр хүнд байгаагаас хамаараад цаашдын уршиг яригдана. Улаанбурханы үлдэц суурь нь хэвийн болтлоо гурван сар үргэлжилдэг гэж үздэг. Бүрэн эдгэрэх боломжтой гэсэн үг.

-Хамгийн түгээмэл хүндрэл нь юу вэ?

-Хамгийн түгээмэл, хүнд хүндрэл бол уушгины хатгалгаа байдаг. Уушгины хатгалгаанаас шалтгаалаад цочмог амьсгалын дутмагшилд орж, амь нас эрсдэх асуудал гарч байгаа. Дараагийн хүндрэл нь вирусийн шалтгаантай. Менингет, инспалит буюу тархины хатуу, зөөлөн эдийн үрэвслийг үүсгэдэг.

-Улаанбурханы өвчлөл нэмэгдэж байгаатай холбоотой вакцины хамрагдалт ямар байна вэ. Олон нийтийн сүлжээнээс буруу ташаа мэдээлэл авснаас болж эцэг эхчүүд хүүхдэдээ вакцин хийлгэхгүй байгаа гэсэн асуудал байсан шүү дээ?

-Хүн өөр дээр нь тулаад ирэхээр л мэдэрдэг юм байна. Өвдсөн хүүхдүүдийн ар гэр вакцинд идэвхтэй хамрагдаж байна. Ер нь вакцины хамрагдалт сайн байгаа. Өмнө нь худал ташаа мэдээлэл авснаас болоод вакцинд хамрагдаагүй тохиолдлууд их байна. Эдгээр нь голлох хүндрэлийг үүсгэж, тохиолдлын ихэнх хувийг нь эзэлж байна. Вакцинд хамрагдаагүй, вакцин хийлгэх нас нь хүрээгүй, эсвэл ямар нэгэн хүндэтгэх шалтгаанаар вакцинд хамрагдаагүй хүүхдүүд бий.

-Илрэх шинж тэмдгийн талаар хэлэхгүй юу. Шинж тэмдэг илэрвэл эхлээд хӨСҮТ-д хандах уу?

-Улаанбурханы сэжигтэй шинж тэмдэг болон батлах шинж тэмдэг гэж хувааж авч үздэг. Сэжигтэй шинж тэмдэг гэвэл өндөр халуурна. Мөн нус гоожсон, нүд өвдсөн, хоолой өвдсөн зэрэг шинж тэмдгийн аль нэг нь байх ёстой. Хүзүү, чихний ар, нүүр хэсгээр тууралт гарвал улаанбурханы сэжигтэй шинж тэмдэг гэж үзнэ. Мөн халуурахгүйгээр тууралт гараад, эсвэл тууралт гарахгүйгээр халуурсан шинж илрэхэд ХӨСҮТ рүү ирээд, оочерлоод байвал өөрсдөө эрсдэлд орж байна гэсэн үг. Тэгэхээр эхний удаа 103, өрхийн эмнэлэгтээ үзүүлэх хэрэгтэй. Эмч үзээд, шинж тэмдгийг нь сэжиглэж байвал ХӨСҮТ рүү явуулна. Улаанбурхан биш гэж үзвэл гэрээр эмчилгээ хийгээд, ажиглах арга хэмжээ авах нь зөв.

-Өмнө нь вакцинд хамрагдаж байсан хүмүүс арай хөнгөн өвдөж байна уу?

-Бүх насныхан өвдөж байна. Өмнө нь вакцинд хамрагдсан хүмүүс арай хөнгөн өвдөж байгаа. Гэвч хөнгөн өвдсөн гээд гадуур халдвараа тараагаад байна. Үүнээс болоод нийгмийн харилцаанд ороогүй нялх хүүхдүүд өвчилж байна. Ер нь вакцинд хамрагдаагүй бага насны хүүхдүүдийн өвдөх гол шалтгаан нь томчууд болж байгаа. Тэгэхээр улаанбурханаас сэргийлэх гол зүйл бол нийгмийн харилцаанд ордог хүмүүс вакциндаа хамрагдах онцгой шаардлагатай байна. Ингэж байж вакцинд хамрагдаагүй бага насны хүүхдүүдээ хамгаална. Тэгэхгүй бол хүүхдүүд хүндээр өвдөх, цаашдаа эндэх эрсдэлд орж байна. Вакцин хийлгэх нас нь хүрээгүй байхад халдвар аваад эрүүл мэнд, амь нас нь хохирно гэдэг бол харамсалтай зүйл.

-Сургуулийн хүүхдүүдийн амралт эхэлсэн энэ үед дэгдэлт багасах болов уу?

-Долоо, наймдугаар сард сургуулийн хүүхдүүд амарчихсан учраас саарах байх. Гэхдээ хүмүүс үүнийг хараад тайвшрах вий дээ. Энэ бол сургууль, цэцэрлэг тараад олон нийтийн хөдөлгөөн саарах үед түр хугацаанд болж байгаа зүйл. Есдүгээр сарын 15-наас эхлээд улаанбурханы идэвхжил эхлэх байх. Арав, арваннэгдүгээр сард томуу, томуу төст өвчин дэгдэж эхэлнэ. Үүнтэй хавсраад улаанбурхан дэгдээд, энэ хоёр вирусээр үүсгэгддэг өвчин хавсраад өвдвөл маш хүндэрнэ. Тэгэхээр ирэх өвлөөс өмнө дархлаажуулалтдаа хамрагдаж, урьдчилан сэргийлэх шаардлагатай. Вакцины хамрагдалтыг идэвхтэй уриалах хэрэгтэй байна. Одоо бол ХӨСҮТ дээр нэгдүгээр хавьталд нь дархлаажуулалтыг хийж байгаа. Мөн өрхийн эмнэлгүүдээр ажлын өдрөөр, ажлын цагаар хийж байна.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Г.Балгармаа

0/1000