Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар 2025 оны 7 дугаар сарын 6-13-нд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Энэ нь Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын манай улсад хийж буй төрийн анхны айлчлал юм.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар албан ёсны уулзалт хийж, найрсаг харилцаа, ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар ярилцана. Эзэн хаан Нарүхито, хатан Масако нар Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолд хүндэт зочдын хувиар оролцох юм байна.
Ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлж, “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд энэ айлчлал үнэтэй хувь нэмэр оруулах түүхэн ач холбогдолтой гэж ЕТГ үзэж байна.
Японы эзэн хаан Нарүхито үүний өмнө 2007 онд угсаа залгамжлагч хунтайжийн хувиар Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд манай улсад албан ёсны айлчлал хийж байв.