Франц улсад жил бүр зохион байгуулагддаг уламжлалт “Fête de la Musique” хэмээх зуны дуу хөгжмийн наадмын үеэр 150 орчим хүнийг тариураар хатгасан халдлага гарчээ. Тухайн хөгжмийн наадам Францын олон хотод зэрэг зохион байгуулагддаг бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдээр явагдсан фестивалийн үеэр гудамж талбайд цугларсан олон руу зүү тариураар хатгасан халдлага үйлдсэн 12 сэжигтэнг баривчилсан талаар Францын Дотоод хэргийн яам мэдэгдсэн байна.
Зөвхөн нийслэл Парис хотод гэхэд л тариуртай холбоо бүхий 13 халдлагын тохиолдол бүртгэгдсэн байна. Хөгжмийн наадмын өмнөхөн Snapchat аппликейшнд охид, эмэгтэйчүүдийг онилж, тариураар хатгахыг уриалсан пост тархсан байжээ.
Тариурт хатгуулсан зарим эмэгтэйг токсикологийн шинжилгээнд хамруулсан талаар Дотоод яамны мэдэгдэлд дурьдсан ч тэднийг гэмт хэрэгтнүүд хүчингийн хэрэг үйлдэхэд хэрэглэдэг мэдээ алдуулагч, нойрсуулагч, мансууруулагч бодистой тариураар хатгасан эсэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Тариуртай холбоотой дээрх хэргүүдээс гадна мөн өнгөрсөн амралтын өдрүүдээр өөр бусад хэргийн дагуу 370 гаруй хүн улсын хэмжээнд саатуулагдсан байна. Тэдний 90 орчим нь нийслэл Парис хотод баригджээ. Түүнчлэн хөгжмийн наадамд оролцсон 14 хүн хутгалуулах гэх зэргээр маш хүнд шарх, бэртэл гэмтэл авсан бол цагдаагийн 13 ажилтан мөн ажил үүргээ гүйцэтгэж байгаад бэртэж гэмтсэн байна.