Чили улсад байрлах маш хүчирхэг дуран авайн авсан, манай Дэлхий оршдог галактикийн зургуудыг олон нийтэд дэлгэн танилцуулсан байна. Вера С.Рубины Одон орон судлалын төвд Дэлхийн хамгийн хүчирхэг дижитал камер бүхий дуран авай байдаг. Уг телескопоор авсан гараг эрхэс, одон орны гэрэл зургуудийг олон нийтэд танилцууллаа.

Одон орныг ажиглах тус төвөөс даваа гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ энэхүү хүчирхэг дуран авай нь манай Дэлхийд ойртон ирж буй, аюул учруулах боломжтой солирыг маш богино хугацаанд илрүүлэх чадалтай гэдгийг онцолжээ.

Үүний жишээ болгож, тус дуран авай Дэлхийтэй ойр 2104 шинэ солир болон сансрын 7 обьектыг 10 цагийн дотор олж илрүүлсэн болохыг мэдээлсэн байна. Харин Дэлхийн бусад одон орон болон геологийн судалгааны төвүүд нийлээд, жилийн хугацаанд дунджаар 20 мянга орчим шинэ солир олж илрүүлдэг ажээ.
Вера Рубины Одон орон судлалын төвийн дуран авайгаар манай Нарны аймагт оршиж буй, бидэнд мэдэгдээд байгаа сансрын обьектуудын тоо, хэмжээг 10 дахин нэмэгдүүлэх боломжтой гэдгийг эрдэмтэд онцоллоо.

Уг дуран авай нь дотроо гурван том толь болон камераас бүрддэг. Хэмжээ нь 1.65м х 3 метр, жин нь 2.8 тонн ажээ. Шөнийн цагаар 8-12 цагийн хугацаанд 40 секунд тутамд зураг дардаг тус дуран авай нь 3200 мегапиксель буюу iPhone 16 Pro загварын утасны камераас 67 дахин их нягтаршилтай зураг дарах хүчин чадалтай. Дарсан ганцхан зургийг нь 400 Ultra HD форматын хүчин чадалтай зурагт л гаргаж чадах гэнэ.
Вера Рубины Одон орон судлалын төв Чили улсын Андын нурууны Черро Пачон уулан дээр байрладаг юм байна.