horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

АНУ-ын Дээд шүүх гадны цагаач иргэдийг гуравдагч орнуудад албадан гаргахыг зөвшөөрчээ

post-img

Трампын засаг захиргааны хэрэгжүүлж буй хууль бус цагаачдыг албадан гаргах үйл ажиллагааны үеэр гадны цагаачдыг төрөлх эх орон руу нь бус гуравдагч улс орнуудад буцаахтай холбогдуулан гаргасан гомдлын дагуу АНУ-ын Дээд шүүх шийдвэрээ гаргажээ.

АНУ-ын Дээд шүүхийн шийдвэр 6:3 гэсэн харьцаагаар Трампын засаг захиргааны талд гарсан байна. Өөрөөр хэлбэл гадаад улс орны хууль бус цагаачдыг гуравдагч улс орнуудад албадан гаргах явдлыг зөвшөөрсөн байна.

Өнгөрсөн сард Мьянмар, Өмнөд Судан, Куба, Мексик, Лаос, Вьетнам улсын 8 цагаач иргэнийг АНУ-аас албадан гаргахдаа бүгдийг нь Өмнөд Судан орох онгоцонд суулгаснаас үүдэн анх энэхүү хэрэгтэй холбогдох гомдол гарч, улмаар доод шатны шүүхээс Трампын засаг захиргааны дээрх үйлдлийг нь буруутай гэж үзсэн юм.

Гэвч Трампын засгийн газраас давж заалдсанаар ийнхүү хэрэг Дээд шүүхэд шилжиж, Дээд шүүхийн 9 шүүгчийн 6 нь дэмжиж, 3 нь эсрэг санал өгснөөр Трампын засаг захиргаа хууль бус цагаачдыг АНУ-аас албадан гаргахдаа гуравдагч улс орнуудад илгээх явдлыг зөвшөөрөхөөр болсон байна.

Эсрэг санал өгсөн шүүгч Соня Сотомайор, Элена Каган болон Кетанжи Браун Жексон нар Дээд шүүхийн гишүүдийн олонхийн саналаар гарсан шийдвэрийг шүүмжилж, “эрх мэдлээ ичгүүртэйгээр урвуулан ашигласан үйлдэл” хэмээн тодорхойлжээ.

Харин АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын департаментын зүгээс Дээд шүүхийн шийдвэрийг “Америкийн ард түмний сайн сайхан, аюулгүй байдлын ялалт байлаа” хэмээн магтан сайшаасан байна.

Даваа гарагийн энэхүү ялалт нь гадны цагаачдыг АНУ-аас олноор нь албадан гаргах бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлж буй Бүгд найрамдах намаас сонгогдсон ерөнхийлөгч Трампын ээлжит нэгэн ялалт боллоо. Өнгөрсөн сард АНУ-ын Дээд шүүх Венесуэл улсын иргэдийг түр хугацаанд хамгаалах статусыг зогсоох эрхийг Трампад олгосноор 350 мянга орчим цагаачдын нөхцөл байдал хүндрээд байгаа бол мөн 5-р сард АНУ-ын шүүхээс Куба, Хайти, Никарагуа, Венесуэл улсын хагас сая орчим цагаачдыг хүмүүнлэгийн хөтөлбөрийн хүрээнд АНУ-д 2 жилийн хугацаанд байхыг зөвшөөрсөн явдлыг түр хугацаанд зогсоох эрхийг ерөнхийлөгчид олгосон юм.

0/1000