ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин тус улсын хамгийн сүүлийн үеийн шинэ баллистик пуужингийн систем болох дундын зайн тусгалт Орешник пуужинг олноор нь үйлдвэрлэж байгааг мэдэгдсэн байна.
В.Путин даваа гарагт ОХУ-ын цэргийн коллежийн төгсөгчдөд хандаж хэлсэн үгэндээ энэ талаар хэлсэн байна. “Байлдааны нөхцөлд өөрийгөө маш сайн харуулсан “Орешник” дунд тусгалын хамгийн сүүлийн үеийн пуужинг олноор үйлдвэрлэж байна” хэмээн Путины хэлсэн үгийг ОХУ-ын төрийн өмчит Тасс мэдээллийн агентлаг мэдээлжээ.
Орос улс Орешник пуужинг өнгөрсөн оны 11 сард зүүн Украины Днепр хотын эсрэг цохилт үзүүлэхдээ анх удаа ашиглаж байсан юм. Тухайн үед тус пуужингийн цохилт үзүүлэх хүчин чадал ямар хүчтэй болохыг дэлхий нийтээрээ харж байсан билээ.
Украины цэргийн тагнуулын албаны зүгээс явуулсан судалгаагаар Орешник пуужингийн дээд хурд нь 11 Мак буюу цагт 13 мянга гаруй км замыг туулах чадалтай байсан гэжээ.
Украины ерөнхийлөгч В.Зеленский Оросын Орешник пуужингийн үйлдвэрлэлийг зогсоохын тулд ОХУ-ын эсрэг хоригоо улам нэмэгдүүлэхийг улс орнуудад уриалаад байна. Тэрээр даваа гарагт өөрийн нийгмийн сүлжээний хуудсандаа Орешникийн үйлдвэрлэлд оролцоотой бүх талуудад дарамт шахалт үзүүлж, хориг арга хэмжээгээ нэмэгдүүлэх ёстой хэмээн бичжээ.
Хэрвээ ОХУ Орешник пуужинг олноор нь үйлдвэрлэж, Украины эсрэг дайнд ашигласан тохиолдолд Украины агаарын довтолгооноос хамгаалах систем тус пуужинг зогсооход хүндрэлтэй учирч, Украин улсын амсах хохирлын хэмжээ нэмэгдэх нь тодорхой талаар ажиглагчид хэлж байна.

Дайны галын шугаманд өнөөгийн байдлаар Оросын зэвсэгт хүчин Украины зүүн хойд хэсгийн Сумы мужийн хэсгээр довтолгоогоо нэмэгдүүлж эхлээд байна. Мөн мягмар гарагт Украины Днепропетровск мужид үзүүлсэн Оросын агаарын цохилтын улмаас 17 хүн амь үрэгдсэн талаар Украины эрх баригчид мэдээллээ.