Дэлхийд анх удаа хиймэл оюуны технологиор бүтсэн бүрэн хэмжээний уран сайхны кино пүрэв гарагт ОХУ-д нээлтээ хийх гэж байна. Энэ бол Оросын уран бүтээлчдийн “Чингис-Хан: Мянганы хүн”. Уг киног Оросын сонгодог яруу найрагч, зохиолч Виктор Трифонович Слипенчукийн 1964 онд бичсэн “Чингис хан” хэмээх баатарлаг туульсаас сэдэвлэн бүтээжээ.
Зохиолчийн төрсөн хүү Михаил Слипенчук уг төслийн ерөнхий продюсерээр ажилласан бол Кирилл Калашников найруулжээ. Киноны хөгжмийг Григорий Тюрин зохиосон байна.
“Чингис-Хан” киноны албан ёсны нээлт энэ сарын 6-ны өдөр Москва хотын “Октябрь” кино театрт болсон бол 26-ны өдрөөс эхлэн Оросын бүх кино театраар гаргахаар болжээ.

Киног бүтээхэд Оросын “Зефир-Нейро” болон “Новое время” студи хамтран ажилласан бөгөөд киноны ерөнхий зураглал, дүрс, дүрүүд, дүрүүдийн хөдөлгөөн гэх зэрэг 15 гаруй тусдаа модель дээр хиймэл оюуны технологийн программ ашигласан ажээ. 12-оос дээш насныханд зориулсан, түүхэн сэдэвтэй “Чингис-Хан” кино 1 цаг 1 минут үргэлжилнэ.
Тус бүтээлийг кино урлагийн салбарт үсрэлт хийж, нэг шат ахиулах хэмжээний бүтээл болсныг Оросын хэвлэлүүд онцолж байгаагаас гадна тус кино энэ жилийн Каннын кино наадмын хаалтын үеэр зохион байгуулагдсан “AI Film Awards” буюу хиймэл оюунаар бүтээсэн киноны шагнал гардуулах ёслолоос “Хиймэл оюунаар бүтээсэн хамгийн урт кино” номинацад шүүгчдийн тусгай шагнал хүртсэн байна.
“Чингис-Хан” киноны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тус киноны https://chingiz.pro/ саитаас хүлээн авах боломжтой.
