Ая тухтай сүлжээ дэлгүүрүүдийн анхдагч гэгддэг Японы “Lawson” компани нийслэл Токио хотод анхны бүрэн цахимжсан, автомат үйлчилгээтэй дэлгүүрээ нээгээд байна. Даваа гарагт Токио хотын төв дэх оффисын доод давхарт нээгдсэн тус дэлгүүрт ажилтан байхгүй. Бараа өрөх, захиалгын дагуу хоол хийх, үйлчлүүлэгчдэд үйлчлэх зэрэг бүхий л үйлчилгээг автоматжуулсан байна.

“Lawson” компани энэхүү бүрэн автоматжсан, шинэ үеийн ая тухтай сүлжээ дэлгүүрээ Японы харилцаа холбооны салбарын тэргүүлэгч KDDI компанитай хамтран нээж байна. Камер, төлбөр тооцооны систем, робот, хиймэл оюун зэрэг футуристик технологид суурилсан энэ дэлгүүрийн тоог цаашид нэмэх томоохон төлөвлөгөөг “Lawson” болон KDDI компани эхний ээлжинд нийслэл Токио хотод хэрэгжүүлэхээр болжээ.
Хиймэл оюуны систем нь дэлгүүр дотор байрлуулсан 20 гаруй камерын тусламжтайгаар үйлчлүүлэгчдэд зан төлөвийн судалгаа хийж, мөн тэдний худалдан авалтад түшиглэн, хамгийн эрэлт хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийг тогтоож, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх дата дүн шинжилгээг давхар гаргах ажээ. Уг дүн шинжилгээнд үндэслэн “Lawson” компани орчин үеийн технологид суурилсан, шинэ үеийн ая тухтай сүлжээ дэлгүүрийн загвар боловсруулж, дотооддоо төдийгүй олон улсад нэвтрүүлэн, өргөжүүлэхээр зорьж байгаа гэнэ.
Цоо шинэ, бүрэн автоматжсан сүлжээ дэлгүүрийн үйлчилгээг Япон улсад үүсээд буй ажиллах хүчний хомсдолын улмаас нэвтрүүлж байгаа аж. Автомат дэлгүүрийн тоог нэмэгдүүлснээр “Lawson” компани 2030 оны санхүүгийн жилд нийт ажиллах хүчний тоогоо 30 хувиар цомхотгох зорилт тавьсан байна.
