Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ) болон Европын бүс нутгийн байгууллага (Moneyval)-ын хамтарсан чуулга уулзалт энэ сарын 12-13-нд Францын Страсбург хотноо боллоо. Чуулга уулзалтад 200 гаруй орны төлөөлөл, олон улсын байгууллагын ажиглагчид оролцож, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр холбогдох асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Тухайлбал, хил дамнасан төлбөр тооцооны аюулгүй, ил тод байдлыг нэмэгдүүлэх, гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор ФАТФ-ын Зөвлөмж 16 (Цахим шилжүүлэг)-д шинэчлэлт оруулаад 2030 оноос хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. Мөн Латви Улсын харилцан үнэлгээний 5 дахь шатны тайланг баталсан бөгөөд уг тайлан нь шинэчлэгдсэн аргачлалаар хийгдсэн анхны үнэлгээ байснаараа онцлог байв. Харин Европын бүс нутгийн байгууллагын гурван гишүүн улсын техник хэрэгжилтийн дутагдлыг арилгах чиглэлээр гаргасан ахицыг энэ оны сүүлчээр дахин хэлэлцэхээр боллоо.
Түүнчлэн ФАТФ-аас санхүүгийн хүртээмжийг сайжруулах, иргэдийг санхүүгийн үйлчилгээнд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, хууль бус санхүүжилтийн сүүлийн үеийн эрсдэл, аюул заналхийллийн эсрэг арга хэмжээ авах хүрээнд холбогдох тайлан, баримт бичгийг баталсан бөгөөд ирэх сард олон нийтэд нийтлэнэ. Мөн чуулганы үеэр ашгийн бус байгууллагуудын үйл ажиллагаанд сөрөг үр дагавар учруулж болзошгүй ФАТФ-ын стандартыг урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор шинэ журам баталсан нь иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг хамгаалах чиглэлд чухал ахиц болов.

“Хар” ба “Саарал” жагсаалтад орсон өөрчлөлтүүд:
Энэ удаагийн чуулга уулзалтаар ФАТФ-ын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр өндөржүүлсэн хяналтад орсон орны жагсаалт буюу “саарал” жагсаалтад Боливи болон Их Британийн Виржиний арлуудыг оруулсан бол Хорват, Мали болон Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани Улсыг стратегийн дутагдлыг арилгах арга хэмжээг үр дүнтэйгээр хэрэгжүүлж, үнэлэхүйц ахиц гаргасан гэж дүгнэн “саарал” жагсаалтаас хасахаар шийдвэрлэсэн байна. Харин мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй орны жагсаалт буюу “хар” жагсаалтад өөрчлөлт оруулаагүй байна.