Өмнөговь аймгийн Гурвантэс суманд 6-р сарын 25-ны өдрийн 15:05-16-20 цагийн хооронд усархаг бороо орлоо. Үүний улмаас Шугшаа, Мөргөцөг, Тост, Хөв, Мод үржүүлэг хороололд айлын гэр, хашаа, машин усанд автаж, зарим гэр нурсан байна. Нурсан гэрийн зарим нь үерт урсжээ. Энэ тухай дуудлагыг аврагчид өчигдөр өдрийн 16:40 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 67 дугаар ангийн албан хаагчдыг очиход Тост, Мөргөцөг хороололд нийт 4 гэр үерт автаж нурсан, иргэн А-гийн “Приус-20” суудлын автомашин усанд автсан байжээ. 20 иргэн /үүнээс 12 хүүхэд/-ийг нүүлгэн шилжүүлж, баригдаж байгаа 40 айлын орон сууцны байрны зоорийн давхарт орсон усыг мотопомпоор соруулжээ.