Британийн эзэн хааны агаарын зэвсэгт хүчин цөмийн бөмбөг тээвэрлэгч Америкийн сөнөөгч онгоцуудыг эгнээндээ багтаахаар болжээ.
Энэ талаар Нидерландын Гаага хотноо зохиогдсон НАТО-гийн дээд хэмжээний чуулга уулзалтын хоёр дахь өдөр Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер ил болгож, зарлан мэдэгдсэн байна.
Тэрээр мэдэгдэлдээ Их Британийн засгийн газар АНУ-д үйлдвэрлэсэн, цөмийн бөмбөг тээвэрлэх чадалтай F-35A загварын байлдааны сөнөөгч онгоцуудыг олон тоогоор худалдаж авахаар болсныг онцлов.
Кейр Стармер хэлэхдээ, “энэхүү мэдэгдлээрээ бид өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж буй цөмийн аюул заналхийллийг сөрөн зогсохоо мэдэгдэж байна, энэ бол Их Британи улсын цөмийн аюулгүй байдлын байр суурийг бэхжүүлж буй томоохон шийдвэр юм” гэжээ.
Сөнөөгч онгоцуудыг худалдаж авах шийдвэр нь Их Британийн засгийн газраас мягмар гарагт танилцуулсан үндэсний шинэ аюулгүй байдлын стратегийн бодлоготой уялдаж байгаа ажээ.
Засгийн газрын тус үзэл баримтлалын баримт бичигт ерөнхий сайд К.Стармер Их Британийн ард иргэдийг Оросын түрэмгийлэл, экстремист үзэл гэх зэрэг олон аюул заналхийлэл бүхий “радикал, тодорхойгүй байдлын эрин үед” амьдарч байгааг анхааруулсан байна. Мөн “дайны нөхцөл байдалд” байгаа мэтээр улс орноо бэлдэх ёстойг чухалчилжээ.
Кейр Стармер мөн лхагва гарагийн мэдэгдэлдээ Их Британи улсын НАТО-д хүлээсэн үүрэг, амлалт “хувирч өөрчлөгдөшгүй” гэдгийг онцолж, Европ дахь цөмийн бөмбөгөөр тоноглогдсон НАТО-гийн агаарын десантын хамтын ажиллагаанд Их Британи улс нэгдэх болно гэдгийг мэдэгдсэн байна.
Өдгөө шумбагч онгоцонд суурилсан цөмийн зэвсэгтэй Их Британи улс ийнхүү Хүйтэн дайн дууссанаас хойш татгалзаад байсан агаараас цөмийн зэвсгээр довтлох салбарт ахин нэгдэн орно гэдгээ ийнхүү нээлттэй илэрхийллээ.