Энэ долоо хоногийн мягмар, лхагва гарагт Нидерландын Гаага хотноо хуралдсан НАТО-гийн дээд хэмжээний чуулга уулзалтын төгсгөлд гишүүн орнууд батлан хамгаалахын төсөв зардлаа ДНБ-ий 5%-д хүргэж нэмэгдүүлэхээр тохиролцсон байна.
Мягмар гарагт зохион байгуулагч Нидерланд улсын эзэн хаан Вилгельм Александр улс орнуудын удирдагчдад зориулан хүлээн авалт зохиосон бол лхагва гарагийн үндсэн чуулга уулзалт, хуралдаан ердөө 2 цаг хагасын хугацаанд үргэлжилж шийдвэрээ гаргажээ.
НАТО-гийн гишүүн орнуудад төсөвөө нэмэгдүүлэх дарамт шахалт үзүүлсээр ирсэн АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп чуулганы шийдвэрийг “Европ болон барууны соёл иргэншлийн хувьд том ялалт боллоо, урьд өмнө хэн ч боломжтой гэж бодож байгаагүй зүйлийг хийсэн түүхэн ач холбогдолтой үйл явдал” хэмээн тодорхойлжээ.
Ийнхүү НАТО-гийн гишүүн орнууд 2035 он гэхэд тус тусын батлан хамгаалах, аюулгүй байдлын төсөв зардлаа ДНБ-ий 5%-д хүргэж нэмэгдүүлэхээр боллоо.
Чуулга уулзалтын төгсгөлд гаргасан хамтарсан мэдэгдэлд НАТО-гийн гишүүн орнууд тулгарч буй аюулгүй байдлын сорилтын эсрэг нэгдмэл байдлаар сөрөн зогсохоо мэдэгджээ. Ялангуяа “ОХУ-ын зүгээс ирэх урт хугацааны аюул заналхийлэл” болон терроризмын эсрэг хамтдаа сөрөн зогсох болно хэмээн мэдэгдээд байна. Гэхдээ хамтарсан мэдэгдэлд өнгөрсөн онд гаргаж байсан шиг Оросын Украинд түрэмгийлэн халдан довтолсон явдлыг буруушаасан үг өгүүлбэрийг энэ удаад багтаан оруулсангүй.
Гэхдээ НАТО-гийн ЕНБД Марк Рютте энхийн төлөө Украинд үзүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлсээр байх болно гэдгийг онцолсон байна. Чуулга уулзалтад уригдан оролцсон Украины ерөнхийлөгч В.Зеленский хэд хэдэн орны удирдагчтай уулзсанаас гадна мөн АНУ-ын ерөнхийлөгчтэй 50 минут орчим хугацаанд уулзаж хэлэлцсэн юм. Уулзалтын дараагаар Д.Трамп Украинд гал зогсооно гэж найдаж байгаагаа илэрхийлж, уг асуудлаар ОХУ-ын ерөнхийлөгчтэй утсаар ярих болно гэжээ. Тэрээр Путинтэй утсаар ярьж, “энэ дайныг дуусгаж чадах эсэхээ харах болно” гэсэн ч ОХУ-ын ерөнхийлөгчийг “маш хэцүү хүн” хэмээн тодорхойлсон байна.
Украины хувьд энэ удаагийн НАТО-гийн чуулга уулзалтаас жижиг ч гэлээ ялалт байгуулж чадсан нь НАТО ОХУ-ыг “урт хугацааны аюул заналхийлэл” хэмээн тусгайлан тодорхойлсон явдал байсан юм.
НАТО-гийн чуулга уулзалтаас гарсан шийдвэрийн дагуу гишүүн орнууд ойрын 10 жилийн хугацаанд хамгийн багадаа ДНБ-ий 3.5%-ийг батлан хамгаалах салбартаа зарцуулж, нэмээд ДНБ-ий 1.5%-ийг аюулгүй байдлын дэд бүтцүүдтэй (зам, гүүр, боомт, нисэх талбай) холбоотой төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийх байдлаар зарцуулах үүрэг хүлээж байгаа юм.
Өөрөөр хэлбэл өнөөдрийг хүртэл батлан хамгаалахын төсөвтөө ДНБ-ий 2%-ийг чадан ядан зарцуулж байсан НАТО-гийн гишүүн орнууд цаашдаа өшөө олон арван тэрбум ам.долларыг цэрэг, зэвсэг техникт зарцуулах ёстой болж байна.
Испани, Бельги, Словак улсууд уг шийдвэрийн эсрэг саналтай байсан ч эцсийн баримт бичигт гарын үсэг зуран нэгдсэн байна. Ингээд батлан хамгаалахын төсөв зардлыг нэмэгдүүлэх шийдвэрийн дагуух гишүүн орнуудын үйл явцыг 2029 онд буюу АНУ-ын ээлжит ерөнхийлөгчийн сонгуулийн дараа шинжлэн дүгнэхээр болжээ.