АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Израил, Ираны хоорондон дайн дууссаныг зарлаж, АНУ-ын хувьд ирэх долоо хоногт Ирантай яриа хэлэлцээ явуулахаар төлөвлөж байгаа хэмээн мэдэгдсэн байна.
Тэрээр Нидерландын Гаага хотноо зохиогдсон НАТО-гийн чуулга уулзалтын үеэрх хэвлэлийн бага хурал дээр ийнхүү хэлсэн байна.
Трамп хэлэхдээ, “Энэ бол 12 өдрийн дайн байсан, энэ дайн өндөрлөсөн гэж бид үзэж байгаа, би хувьдаа тэднийг ахин дайтахгүй гэж бодож байна” гэжээ.
Мөн тэрээр “сөргөлдөгч талууд хоёулаа хүч нь суларсан, би тэдний учрыг олсон учраас дайн дууссан” гэв.
АНУ-ын ерөнхийлөгч мэдэгдэлдээ мөн ирэх долоо хоногт Ирантай яриа хэлэлцээ хийж, “бид хэлэлцээр байгуулж ч магадгүй” гээд, хамгийн гол нь АНУ ямар ч цөмийн зэвсгийг хүсэхгүй байгаа гэдгийг цохон тэмдэглэжээ.
АНУ, Ираны талууд Тегераны цөмийн хөтөлбөрийн асуудлаар өнгөрсөн 4-р сараас хойш яриа хэлэлцээ явуулсаар байгаа ч энэ сарын 13-ны өдөр Израил Ираны эсрэг агаарын цохилт үзүүлснээс хойш ямар нэгэн албан ёсны яриа хэлэлцээ явагдаагүй юм.
Мөн лхагва гарагт ийнхүү Трампыг Израил-Ираны дайн дууссаныг зарласнаас хойш хоёр талын хооронд ямар нэгэн байдлаар харилцан довтолсон үйлдэл ажиглагдаагүй хэвээрээ байна.
Гэхдээ Израилын зэвсэгт хүчний зүгээс мягмар гарагийн шөнө болон лхагва гарагт нийт 3 дроныг устгасан талаараа мэдэгдэж, Йеменийн зүгээс хөөргөсөн дрон болохыг тогтоосон гэжээ.