Украины ерөнхийлөгч В.Зеленский лхагва гарагт Европын хүний эрхийн асуудал хариуцсан Европын Зөвлөлтэй хамтран Украинд түрэмгийлэл үйлдсэн Оросын албан тушаалтнуудыг яллах тусгай шүүх байгуулах гэрээнд гарын үсэг зуржээ.
Уг тусгай шүүх байгууллага нь 2022 оны 2-р сард ОХУ Украинд түрэмгийлэн халдан довтолсон дайны гэмт хэрэгт буруутай Оросын өндөр дээд албан тушаалтнуудыг яллах зорилгоор байгуулагдаж байгаа бөгөөд онолын хувьд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг ч мөн яллах боломжтой талаар хэвлэлүүд мэдээлж байна.
Тусгай шүүх байгуулах хэлэлцээрт Украины талаас ерөнхийлөгч В.Зеленский, Европын Зөвлөлөөс ЕНБД Ален Берсе гарын үсэг зуржээ.
“Бид түрэмгийлэл үйлдвэл шийтгэлээ амсдаг гэдгийг тодорхой харуулах шаардлагатай бөгөөд бид үүнийг хамтдаа, Европ даяараа хийх хэрэгтэй байна” хэмээн Украины ерөнхийлөгч хэлэлцээр байгуулагдсаны дараа хэлсэн байна.
Харин Европын Зөвлөлийн ЕНБД А.Берсе эхний ээлжинд шүүхийг байгуулах явдал бөгөөд уг шүүхийг ирэх жилээс ажлаа эхэлнэ гэж найдаж байна гэжээ.
46 гишүүнтэй, Европын Холбоонд ямар нэгэн байдлаар хамааралгүй Европын Зөвлөлийн хувьд ийнхүү түүхэндээ анх удаа тусгай шүүх байгууллагыг үүсгэн байгуулаад байна.
Уг тусгай шүүх байгууллага хаана байрлах нь одоогоор тодорхойгүй байна.
Украин болон тус улсыг дэмжигчид энэ дайныг эхлүүлсэн Оросын албан тушаалтнуудад зохих ял шийтгэлийг нь оноохыг хүсэж байгаа бөгөөд Европын Зөвлөлийн зүгээс дээрх тусгай шүүхийг үүсгэн байгуулах асуудлаар анх өнгөрсөн сарын 9-ний өдөр Украины Львов хотноо зохиогдсон уулзалтын үеэр Европын улс орнуудын гадаад хэргийн сайд нар бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн ажээ.