Кенийн нийслэл Найроби хотод болсон Засгийн газрын эсрэг иргэдийн эсэргүүцлийн жагсаал цуглааны үеэр хамгийн багадаа 16 хүн амь үрэгджээ. Тэдний ихэнх нь цагдаа нарт буудуулан амиа алдсан талаар “Amnesty Kenya” байгууллага мэдэгдлээ.
Тус улсын алдартай блоггер цагдаагийн газарт баривчлагдан саатуулагдаад байх үедээ учир битүүлгээр амиа алдсан байна. Үүнтэй холбогдуулан иргэд олноороо гудамж талбайд гарч, эсэргүүцлийн жагсаалыг эхлүүлсэн байна. Алдартай блоггерыг буудан хороосон хэрэгт сэжиглэгдсэн хоёр цагдаагийн хэргийг 15 хоногийн дотор шалгахыг тус улсын шүүх үүрэгдсэн юм.
Түүнчлэн лхагва гаргийн эсэргүүцлийн жагсаал өнгөрсөн жил Ерөнхийлөгч Уилльям Рутогийн санаачилсан татварын хэмжээг нэмэх бодлогыг эсэргүүцсэн ард түмний томоохон хэмжээний жагсаалын нэг жилийн ойтой давхцсан байна.
Энэ удаагийн жагсаал зөвхөн нийслэл хот гэлтгүй улс орон даяар, үндэсний хэмжээнд өрнөсөн бөгөөд цагдаагийн харгислал, муу засаглалыг эсэргүүцсэн иргэдийн жагсаалын үеэр амиа алдсан ихэнх хүн мөн л цагдаа нарын гарт амь үрэгдсэн болохыг хүний эрхийн “Amnesty Kenya” байгууллага мэдээлжээ. Кени улсын цагдаагийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Мучири Няга “Amnesty Kenya” байгууллагаас гаргасан дээрх мэдэгдэлтэй холбогдуулан тайлбар хийхээс татгалзсан байна.
Харин улс орон даяар өрнөсөн эсэргүүцлийн жагсаалуудын үеэр дор хаяж 61 хүнийг баривчилсан талаараа улсын төсвөөс санхүүждэг Цагдаагийн бие даасан хяналтын газар (IPOA) мэдэгдэлдээ дурджээ.