Монголын залуучуудын холбооны дэргэдэх эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Ж.Нямаатай дэлхийн хар тамхитай тэмцэх өдрийг тохиолдуулан ярилцлаа.
—————————————————————————
-Манай улсын хар тамхи хэрэглэгчдийн бодит нөхцөл байдал болон тоо баримтын талаар ярихгүй юу?
-Одоогийн байдлаар Монгол Улсад 600 гаруй хар тамхи хэрэглэгч байна. Сүүлийн таван жилийн хугацаанд 1300 гаруй хүн хар тамхи хэрэглэсэн болон хар тамхитай холбоотой гэмт хэрэг зөрчил бүртгэгдсэн. Нэг хар тамхи хэрэглэсэн хүний ард дөрвөөс таван хүн бий гэж судлаачид үздэг. Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улс хар тамхи хэрэглэгчдийнхээ тоог судалж чаддаггүй гэх дүгнэлт гаргасан. Би хар тамхи хэрэглэгчдийн талаар судалгаа явуулахад хүн бүр энэ сэдвээс зугтах хандлага ажиглагдсан. Яагаад гэвэл манайх хар тамхи хэрэглэсэн хүнийг шууд баривчилдаг. Тиймээс хүн бүр энэ сэдвийг өөрөөсөө холдуулж, зугтдаг. Манайд хар тамхи хэрэглэгчдийн тоо тодорхой бус байгаа нь үнэн. Энэ 1300 гаруй гэх тоо нь зөвхөн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тоо баримт. Сэтгэцийн эрүүл мэндийн төв болон холбогдох газруудад 600 хүртэлх хэрэглэгч мөн бүртгэгдсэн байх жишээтэй.
-Хар тамхи хэрэглэгчид насны хувьд ихэвчлэн залуу хүмүүс байдаг уу?
-Нийт бүртгэгдсэн хэрэглэгчдийн 92 хувь нь 35аас доош насны залуучууд байна. Харин хамгийн доод буюу залуу хэрэглэгч нь 14 настай хүүхэд байна шүү дээ. Энэ хүүхэд нь хоёр жил хар тамхины төрлийн зүйл хэрэглээд донтогч болж, СЭМҮТ-д очсон байх жишээтэй. Тэгэхээр ердөө 12 наснаасаа эхэлж хэрэглэсэн болж таарч байна. Энэ хүүхдийг бүтэн хоёр жилийн хугацаанд хар тамхи хэрэглэсэн байхад яагаад эцэг эх, багш нар нь мэдэхгүй байсан юм бэ. Тиймээс энэ бүх нөхцөл байдлыг харгалзан үзэж Монгол Улс боловсролын хөтөлбөрөө шинэчлэх хэрэгтэй. Бусад улс орнуудын сайн жишээнүүдээс эш татаж хэрэгжүүлмээр байна. Боловсролын хөтөлбөртөө хар тамхины сөрөг үр дагаврыг зайлшгүй оруулах ёстой. Хэрэв боловсролын хөтөлбөрт хар тамхины эсрэг сэдэв, агуулга тусгайлан байсан бол нөхцөл байдал арай өөр байх байлаа. Мөн эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч нар илүү анхааралтай байсан бол энэ хүүхэд донтогч болтлоо хэрэглэхгүй шүү дээ. Хар тамхины талаар бид бүгд мэдлэгтэй болох ёстой. Хамгийн гол нь багш болон эцэг эхчүүд хар тамхины талаар хангалттай сайн мэддэг байсан бол хоёр жилийн хугацаанд энэ хүүхдийн нүүр ам, дуу хоолойны өөрчлөлтийг хараад л мэднэ шүү дээ. Үнэхээр энэ талаар хангалттай мэдлэггүй байсан учраас хоёр жил өнгөрөхөд огт анзаараагүй. Хүүхдүүдийн хувьд ийм байна. Харин залуучуудын хувьд хянах боломж хомс байдаг нь үнэн. Нас биед хүрсэн хүн гэрээсээ гараад юу хийж буйг шууд хянах боломжгүй. Тиймээс цаашдаа аль болох бага наснаас нь хар тамхи ямар аюултай хор уршигтай талаарх ойлголтыг хүүхдүүдэд суулгаж өгөх хэрэгтэй. Хүүхдүүдээ бага наснаас нь хар тамхитай нөхөрлүүлэхгүй байх боломж бий.
-Манай улсын хувьд хар тамхи харьцангуй нээлттэй сэдэв биш учраас бүхий л насныханд энэ талын мэдлэг дутмаг байна уу?
-Монгол Улс хар тамхи гэдэг үгийг хэлэх, хар тамхитай холбоотой зураг, постер тавьсан тохиолдолд сурталчилсан гэж үздэг учраас энэ сэдэв хаалттай байдаг. Гэтэл бусад улс орнууд хар тамхины тухай постер, зургаар дамжуулан үүний цаана ямар эрсдэл нуугдаж буйг сайн тайлбарлаж, суртал ухуулга хийдэг. Анх удаа, ганц удаа хар тамхи хэрэглэсэн гэх ойлголт байдаггүй. Нэг л удаа хар тамхи хэрэглэвэл энэ нь өөрөө эхлэл юм. Үүнээс үүдэн эрсдэл гэх зүйл бий шүү гэх бодлыг ухамсарт нь суулгаж өгмөөр байна. Ингэснээр хүүхэд багаасаа хар тамхи болон элдэв донтуулах бодисоос өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх сэтгэл зүйн дархлаатай болно. Ийм дархлаа байхгүй учраас л хэн нэгэн хүн сургуулийн орчин руу ороод л хүүхдүүдийг олзолж байна шүү дээ. Хар тамхины талаар ямар ч ойлголтгүй хүүхдэд үүнийг хэрэглээд үз. Сэтгэл санаа сайхан болгодог шүү гэж ятгаад л хар тамхичин болгох эхлэл тавьсан жишээ асар олон бий. Ер нь бол иймэрхүү хар тамхины наймаачид эхэндээ хүүхдүүдэд үнэгүй өгч татан оролцуулаад дараа нь худалдан борлуулах сувгаа нээдэг юм. Жишээ нь, 14-15 насны нэг анги дотор есөн хүүхэд хар тамхи хэрэглэдэг байсан кейс бий. Энэ хэрэг анх нэг хүүхдийнх нь бие муудаж ил болсон юм. Бид нүүрэн дээрээ энэ сэдвийг мянга хаагаад асуудал шийдэгдэхгүй. Бодит нөхцөл байдлаа ил болгож, дорвитой арга хэмжээ авах цаг болсон. Цаашдаа ийм хаалттай байх юм бол хүүхдүүдээ хохироосоор байна. Хар тамхины хохирогчид улам залуужиж, илүү олон болно.

-Тэгвэл “Ирмэг дээр” хэмээх нэртэй энэ музей та бүгдийн хар тамхины эсрэг тэмцэж буй нэг хэлбэр үү?
-Тийм ээ. Бидний хийхээр төлөвлөсөн “Ирмэг дээр” музей нь хар тамхи хэ рэглэсэн тохиолдолд ийм аймшигтай бие организмтай болно шүү гэх эмээх, айх мэдрэмжийг бүх насныханд өгөх зорилготой юм. Музей энэ оны дөрөвдүгээр улирал гэхэд олон нийтэд үүд хаалгаа нээнэ. Яагаад хүмүүст заавал айх мэдрэмж өгөх гээд байна вэ гэвэл хар тамхи хэрэглэсэн хүний биед ийм өөрчлөлт орно гэдгийг баримлаар харуулбал илүү бодитой болно шүү дээ. Бие нь бүхэлдээ шарх, хөхөрсөн толбо, идээт үрэвсэлд баригдсан хүний баримлыг гараараа барьж үзэх юм. Ийм нөхцөлд хүүхдүүд болон насанд хүрэгчдэд хар тамхи хэрэглэх сэдэл төрөх үү. Харин ч эсрэгээрээ илүү жигшиж, зэвүүцнэ. Өнөөдөр жишээ болгон авчирсан уг баримлыг хүмүүс барьж үзээд бие эвгүй оргиж байна гэсэн. Мөн ямар аймар юм бэ. Бие зарс хийлээ гэх мэтчилэн мэдрэмжээ илэрхийлсэн. Үнэхээр хар тамхи хэрэглэвэл чиний бие организм ийм аймшигтай болно шүү гэх мессэжийг хүмүүсийн дотоод ухамсарт суулгаж өгөх зорилготой музей юм. Зүгээр л хар тамхи ийм хор уршигтай шүү гэж хэдхэн өгүүлбэр хэлээд ямар ч үр дүн гарахгүй. Үүнийг бидний одоогийн нөхцөл байдал баталсан. Түүний оронд иймэрхүү бодит арга хэмжээ авч тэмцэх хэрэгтэй.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
А.Даваадулам