Хэдхэн хоногийн өмнө АНУ-д болж өндөрлөсөн “BLAST.tv Austin Major 2025”тэмцээний финалд шалгарсан Ази тивийн анхны баг The MongolZ эх орондоо хүрэлцэн ирээд буй. Өнөөдөр тэдний “Homecoming 2025″ эвент болж байна. Энэ үеэр албан ёсны хэвлэлийн бага хурал хийж, үзэгч хөгжөөн дэмжигчдэдээ мэдээлэл өглөө.
-Major-ын тайзнаа зогсож байх үеийн мэдрэмжээсээ хуваалцаач. Монгол төдийгүй Ази тивээс финалд өрсөлдсөн анхны баг болсон шүү дээ.
“The MongolZ” багийн ахлагч Blitz: Нарийн тоог нь мэдэхгүй ч “Black Aston Major”-ын арена том байсан. Нэлээн олон тэмцээнд орсон, бүх газрын том тайзан дээр гарахад саяных шиг мэдрэмж авч байгаагүй. Саяны “Major”-т юу вэ гэмээр хэмжээнд их хүмүүс байсан. Манай багийг маш их дэмжсэн. Үүнийг хараад би шоконд орсон. Хамгийн гоё Аренатай, сэтгэлд тод үлдсэн тэмцээн болж өндөрлөсөн.
-FaZe болон paiN багийг хожсон тоглолт монгол төдийгүй Дэлхий даяарх хүмүүсийг гайхшруулсан. Та нар өөрсдөө хожно гэдэгтээ хэр итгэлтэй байв. Урьдчилж мэдэж байсан уу?
Бид нар хожно гэдгээ мэдэж байсан. FaZe-ын эсрэг тоглолтод 20 хүний 18 нь FaZe-ыг хожно гэснийг хараад үнэхээр гайхсан. Тэр хүмүүс аналист мөн үү, CS мэддэг хүмүүс мөн юм болов уу гэж үнэхээр их гайхсан. Манайх FaZe-тэй тоглоход FaZe-ыг хожно гэснийг ойлгоогүй. Биднийг тайзны туршлагагүй гэж бодсон уу. Энэ хүмүүс яагаад ингэж бодсон юм болоо гэж их гайхсан.
paiN-ы тухайд бид тэднийг хожих нь тодорхой байсан. Major-ын тайзан дээр тоглож чадахгүйг нь мэдэж байсан. Энэ хоёр багийг хожно гэдэгтээ 100% итгэлтэй байсан. Ач холбогдол өгөхгүйгээр энгийн тоглоход л хожно гэдгээ мэдэж байсан.