horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Б.Бэлгүн: 1.2 тэрбумын төсөлд боловсролын салбараа сайжруулах хүслээс өөр ямар ч эрх ашиг байхгүй

post-img

“Сургуулийн Судалгаа хөгжлийн Шинэ Монгол төв”-ийн зөвлөх Б.Бэлгүнтэй ярилцлаа.

———————————————————————–

-Таныг Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй гишүүдийн улстөржүүлээд байгаа 1.2 тэрбумын санхүүжилттэй төсөл дээр анхнаас нь ажилласан хүн гэж сонслоо. Төслийнхөө түүхээс танилцуулаач?

-Улс төр орж ирснээр манай төсөл анхаарлын төвд орчихлоо л доо. Улс төртэй, улс төргүй амжилттай хэрэгжсээр өнөөг хүрсэн төсөл байгаа юм. Миний хувьд 2020 онд энэ төслийг эхлүүлэхэд суурь судалгаанаас нь эхэлж оролцсон хүн. Жирийн багш хүн боловсролын салбартаа бодитой хувь нэмэр оруулъя гэж зориод эхлүүлсэн төсөл л дөө. Сургуулиудаа судалъя, судалсны үндсэн дээр хөгжлийн шийдлүүдийг нь санал болгоё гээд маш их суурь судалгаа хийсэн. Эцэст нь “Яг ийм байвал манай Монголын сургуулиудад ачаалал нэмэхгүй, үр дүн нэмнэ” гэдгийг олж харсан. Ийм ноу хау анх гаргаж байсан юм.

-Тэгэхээр 2020 оноос эхэлсэн төсөл байх нь ээ?

-Бүр тэрнээс өмнө эхэлсэн. 2019 онд суурь судалгаагаа бүтэн жилийн турш хийсэн.

-Боловсролын салбарт 1 тэрбум бүү хэл хэдэн зуун тэрбумын маш олон төсөл хэрэгжсээр ирсэн. Эдгээр төслөөс онцгой ялгарах давуу талаа хэлээч гэвэл та юуг онцлох вэ?

-Бусад төслийн тухайд хэрэгжүүлээд л дуусчихдаг сул тал байсныг бид олж харсан. Эргэх холбоо огт байхгүй. Манай төслийн хувьд хэрэгжүүлэхэд хүндрэлтэй бол шийдлийг нь санал болгодог. Энэ мэтээр тасралтгүй үргэлжилдэг, үр дүн гартал нь чиглүүлж явдаг гэдгээрээ манай төсөл ялгарна. Харин бид гадаадын ямар нэгэн сургуулийн менежмэнтийг орчуулж дамжуулаагүй. Бид Монголдоо хэрэгтэй чухал гэсэн бүхнийг шүүсний эцэст 36 долоон хоногийн менежмэнтийн нарийн хөтөл бөрийг гаргаж ирсэн юм. Бид “төлөвлөгөө гаргаарай, хэрэгжүүлээрэй, сайжруулаарай” гэх маягийн өнгөц юм дамжуулаагүй. Бүхэл бүтэн менежмэнт дамжуулсан. Сургуулийн бүх талыг хамруулж чадсан, тэдгээр хүмүүсийн ажлын арга барилыг өөрчилж чадсан. Ийм учраас дор хаяж бүтэн жил хамтарч ажиллах шаардлага гардаг. “Хийгээд үзээрэй” гээд орхидоггүй. Асуудал гарвал шийдэл санал болгож, засч залруулаад явдаг. Эргэлзээ тээнэгэлзээ үүсгэсэн нэг ч юм үлдээж болохгүй. Бид ийм зарчмаар ажилладаг.

-“Төрийн өмчийн сургуулиудын менежмэнтийг сайжруулах төсөл”-ийг Сургуулийн Судалгааны хөгжлийн Шинэ Монгол төв анхнаасаа, өөрсдөө санхүүжүүлээд хэдэн жил болчихсон гэж ойлголоо, зөв үү?

-Өмнө нь бид бие даагаад хоёр ээлжийг авсан. Боловсролын салбарт яг ингэж бодитойгоор шийдэл хайсан төсөл өндөр эрэлттэй байсан учраас манай төсөлд хамрагдах хүсэлтэй сургуулийн тоо жил ирэх тусам өссөөр ирсэн. Өнөөдөр гэхэд л 180 сургууль төсөлд хамрагдах хүсэлтээ өгчихсөн байна. Үр дүн нь сургуульдаа үлдэж буй учраас ийм өндөр эрэлттэй байгаа юм. Бид явсан ч төслийн маань өгөөж тухайн сургуульд үлдэнэ. Үүгээрээ манай төсөл боловсролын салбарт ус, агаар мэт хэрэгтэй. Төсөлд хамрагдсан сургуулиудын багш нар хэлдэг л дээ. “Хоёр өдрийн сургалтыг бид 4 саяар авдаг. Гэтэл та хэд маань 32 удаагийн сургалтыг ийм хямд төсвөөр хүргэж байна” гэж. Яг нарийндаа 32 удаагийн сургалтаар хязгаарлагддаггүй. Маргаашнаас нь ганцаарчлаад нарийн түвшинд ажиллаад явдаг. Бүр тодруулж хэлбэл, өдөр бүрийн давтамжтай сургалт өгдөг. Бас бид төсөл хэрэгжүүлсэн сургуулиуддаа томилолтоор очиж ажилладаг.

-Таны хэлснээс анзаарахад 10 сая төгрөг бүтэн жилийн зардалд бараг хүрдэггүй юм биш үү?

-Тэрбумтай тоо сонсогдохоор сүртэй сонсогдоод байгаа ч яг нэг сургууль дээр 10 саяын л төсөв бий. 10 сая их мөнгө биш. Үйл ажиллагааны зардалдаа хүрэхтэй, үгүйтэй байдаг. Зарим тохиолдолд бид өөрсдөөсөө санхүү мөнгөө гаргаад явдаг. Гэхдээ нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Бидний хэрэгжүүлж буй төсөл бол мөнгөөр үнэлэх аргагүй үнэ цэнийг сургуулиудад өгч байгаа. Боловсролын салбарт эрх ашиг гэдэг юм байхгүй, улс орны хөгжил л яригддаг. Ийм онцлогтой салбарт ажилладаг учраас бид юугаа ч нуухгүй хуваалцдаг. “Зөвхөн манай ноу хау” гэсэн жижиг бодолтой байвал салбар маань сайжрахгүй шүү дээ.

-Нэг сургуульд зарцуулдаг 10 сая төгрөг юунд зарцуулагдаад дуусч байна вэ?

-Ажиллаж буй багш нарынхаа цалинг тавиад л дуусдаг. Улстөрчдийн хардаад байгаа шиг ийш тийш нь мөнгө шилжүүлээд, мөнгө завшсан асуудал огт байхгүй. Хийдэг ажлаа илүү сайжруулаад илүү хүртээмжтэй болгохоор ажиллаж байгаа л баг, хамт олон.

-Танай төслийнхөн сургуулиудын хүсэлтэд дарагдчихсан байгаа юм байна. Гол нууц нь юундаа байна вэ?

-Сургуулийн менежмэнтийг сайжруулах талд маш олон төсөл хэрэгжсэн байдаг юм. Манай төслийн багийнхан сургуулиудад очоод менежментийн тухай танилцуулга хийхээр багш нар “Бид менежмэнтийг буруугаар бодож байжээ. Төлөвлөгөө гаргахаасаа өмнө асуудлаа мэдэж шийдэх ёстойг одоо л олж харлаа. Асуудлуудаа шийдчихсэн цагт маш олон төлөвлөгөө гаргах хэрэггүй юм байна. Ачаалал ч багасах нь” гэж олзуурхдаг. Менежмэнтийн тухай нэгдсэн ойлголттой болчихвол сургуулиуд ташраараа сайжраад ирнэ. Бид нийт сургуулиудын гуравны нэгт хүрч ажилласан.

-Танай төслийн баг сургууль бүр дээр өөр өөрийнх нь онцлогт тохируулж загвар шийдэл санал болгодог гэсэн үү?

-Сургууль бүр өөрийн онцлогтой. Тэр бүх нөхцөл байдлыг нь сонсоод бид тодорхой шийдэл санал болгодог. Онолын ерөнхий ойлголтоо өгчихөөд тухайн сургуулиудын асуудлыг хамтдаа эрж хайдаг. Бүтэн жилжин эрж байж, долоо хоног бүр шийдэл санал болгоод явахад тэр сургууль эрс сайжирдаг. Өөрөөр хэлбэл, “Гадаадад ийм тийм байдаг” гэх мэтээр тухайгийн тухай ярьдаг төсөл биш.

-“Шинэ Монгол”-ын нэгэнт туршчихсан ноу хау-г сургуульдаа авч үлдэхийг хэн ч хүснэ. Тэгэхээр хүсэлтээ ирүүлэх сургууль 180-аас ч давах нь ойлгомжтой. Улстөржүүлээд ийм том төслийг юу ч биш болгочих вий дээ гэсэн харамсал төрөөд байх юм…?

-Төсөл хэрэгжүүлж яваа хүмүүс цугаараа салбараа сайжруулчих юмсан гэсэн дүүрэн хүсэлтэй багш нар шүү дээ. Ийм хандлага, сэтгэлтэй багш нарын урам зоригийг мохоож байгаа л явдал болж байна. Нэг зүйлийг дахиад онцолъё. Улстөржүүлээд буй энэ төсөл улстөрийн ямар нэгэн ашиг сонирхлоос үүдэж эхлээгүй. Анхнаасаа органикаараа урагшилж байсан төсөл. Улс бол боловсролын менежмэнтээ сайжруулъя, байгууллагын удирдлагыг чадавхжуулъя гэдэг зорилт тавьж төсөв гаргаад явдаг. Тэр хүрээнд л бүтэн жил хамтраад явах боломжтой гэдэг байдлаар хамтарч ажилласан.Түүнээс биш ямар нэгэн эрх ашиг огт хөндөгдөөгүй. Нэгэнт гаргачихсан ноу хаугаа аль болох олон сургуульд хүргэж, ачааллыг нь багасгаж үр дүнг нь өсгөх чин хүсэл бий.

-Захирал, багш нараас сонсдог урмын үгс олон биз?

-Өө, их гоё үгс хэлнэ шүү манай захирал, багш нар. “Өмнө нь менежмэнт гэдэг үгэнд дургүй байсан. Одоо бол дуртай болчихсон. Их гоё юм байжээ” гэнэ. “Хариу олж чадахгүй байсандаа хариулт авчихлаа” гэнэ. “Хичээлээсээ хоцрогдоод сургуулиасаа гарах гэж байсан хүүхэд бүх багш нарын хамтын ажиллагаагаар маш амжилттай сураад хүссэн сургуулиа авлаа” гэнэ. Долдугаар ангийг даасан зургаан багш цугаараа долдугаар ангийнхны төлөө нэгдээд ажиллачихаар хүүхдэд хүрэх өгөөж нь өндөр болчихож байгаа юм. Эцэг, эхчүүдтэй хамтарч ажиллана гэдэг бүх сургуулийн толгойны өвчин болчихсон. Гэтэл эцэг, эхчүүд “Бид яаж хамтарч ажиллах вэ” гэдэг болчихсон. Багш нар энэ хандлагад их сэтгэл хангалуун байгаа. Сургуулийн бүх л оролцогч талд ханддаг учраас сургуулийн орчин бүхэлдээ эерэгээр өөрчлөгддөг л дөө. Урам хугалсан улстөржилтийг захирал, багш нарынхаа урмын үгээр л давж байна.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Г.Наранхүү

0/1000