Улаанбурханы халдвар нь халдварлах чадвар маш өндөр тул хэдий сургууль, хүүхдийн байгууллага амарсан ч хүн амын дунд халдвар тарах эрсдэл өндөр байсаар байна.
ХӨСҮТ-д энгийн үед 100 гаруй хүн үйлчлүүлдэг бол улаанбурхны дэгдэлт нэмэгдсээр байгаа энэ үед хоногт 450-550 орчим хүүхэд ирж байна.
“Улаанбурхны өвчлөл 9-14 насны хүүхдүүдийн дунд түгээмэл байгаа нь вакцинжуулалт муу хийгдсэний үр дагавар”

Өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд улаанбурхан өвчний анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өвчлөл эрчтэй нэмэгдсээр байгаа юм.
Тодруулбал, зургаадугаар сарын 27-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 10.065 болсон байна. Үүнээс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 646, гэрээр 1014, эдгэрсэн 8405, нэн хүнд гурван өвчтөн, хүнд 40, хүндэвтэр 538, хөнгөн 65 болжээ.
Улсын хэмжээнд голомтын дархлаажуулалтад хамрагдвал зохих 75.657 хүн байна. Үүнээс голомтын хариу арга хэмжээ авсан 51.687 буюу 78.3 хувьтай байгаа аж.
Улаанбурхны өвчлөлийг насны бүлгээр авч үзвэл (зургаадугаар сарын 27-ны байдлаар) 0-4 нас 1887, 5-9 нас 1233, 10-14 нас хамгийн өндөр буюу 4166, 15-19 насны 1296 тохиолдол, 20-24 нас 256, 25-29 насны 350 тохиолдол, 30-34 насны 214, 35-39 насны 188 тохиолдол, 40-44 насны 129 тохиолдол, 45-49 нас 62, 50-54 насны 36 тохиолдол, 55-59 насны таван тохиолдол, 60-70 насны 11 тохиолдол бүртгэгджээ. Эндээс харвал, сургуулийн болон бага насны хүүхдүүдийн дунд улаанбурхны өвчлөл их байгаа нь ажиглагдаж буй юм.
Улаанбурхан өвчний дэгдэлт, нөхцөл байдалтай холбогдуулан энэ сарын 21-нд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нар ХӨСҮТ-д ажилласан.
Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар “Улаанбурхан өвчний дэгдэлт, нас баралт өндөр байна. Энэ нь вакцинжуулалтыг эрс нэмэгдүүлэх шаардлагатай байгааг харуулж байна. Нэн ялангуяа өвчлөл 9-14 насны хүүхдүүдийн дунд түгээмэл байгаа нь вакцинжуулалт муу хийгдсэний үр дагавар хэмээн мэргэжилтнүүд хэлж байна.
Ковидоос хойш вакцинжуулалтад үл итгэх, худал мэдээлэл тараах болсон нь вакцинжуулалтад сөргөөр нөлөөлж байна. Улсын хэмжээнд вакцинжуулалт 30 гаруй хувьтай байгаа нь улаанбурхан өвчин дэгдэх шалтгаан болж буй. Вакцинжуулалтыг өрхийн эмнэлгүүдээр дамжуулан улсын хэмжээнд зохион байгуулахыг үүрэг болголоо. Ингэж байж дэгдэлтийг зогсооно, шинэ хичээлийн жил эхлэхээс өмнө эрсдэлийг бууруулна. Ирэх өвлийн томууны үетэй давхцуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ” гэсэн юм.
Одоо хэрэглэж байгаа вакциныг Монгол Улс 1973 оноос хойш хэрэглэжээ

Мөн Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээллэхдээ “Засгийн газрын өмнөх хуралдаанаар Улаанбурхан өвчний тархалтын талаар нэлээд ярьсан. Улаанбурхан өвчний халдварыг хумих, вакцинжуулахад зарцуулах таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар боллоо. Ингэснээр бага насны болон сургуулийн насны хүүхдүүдийг хоёр үе шаттайгаар нөхөн вакцинжуулна. Голомтод өртсөн хүмүүст яаралтайгаар, наснаас үл хамааран вакцин хийнэ. Эцэг эхчүүд хүүхдээ вакцинд хамрагдсан эсэхийг нягталж, хийлгээгүй бол дархлаажуулалтад нөхөн хамрагдаарай” гэсэн юм.
Улаанбурхны өвчлөлөөр гол төлөв бага насны хүүхдүүд өвдөж, эндсэн тохиолдлууд нь вакцинд хамрагдах нас болоогүй хүүхдүүд байна. 2015-2016 онд Улаанбурхан өвчнөөр 130 гаруй хүүхдээ алдаж байсан гашуун түүх бий. “Шинжлэх ухаанаар нотлогдсон зүйлийг үгүйсгэж байгаа эцэг эхчүүдэд хэлэхэд эрүүл саруул байж, бусдад халдвар тараахгүй, эрүүл мэндийн салбарт өндөр ачаалал үүсгэхгүй байх гол зүйл бол вакцин” гэдгийг эмч нар сануулсаар байгаа юм.
Мөн баяр наадмаар хүмүүс олноор цугларсан үед халдвар эрчимжиж 10-15 хоногийн далд үеийн дараагаас буюу долоодугаар сарын 20-ны үеэс халдвар дахин нэмэгдэх эрсдэлтэй байгааг эрүүл мэндийн салбарынхан онцолж байна. Иймээс эмнэлгүүд долоодугаар сарын 10-ныг хүртэл эрчимжүүлсэн бэлэн байдалд ажиллах юм.
Одоо хэрэглэж байгаа вакциныг Монгол Улс 1973 оноос хойш хэрэглэж байна. Иймээс вакцины эсрэг худал мэдээлэл тарааж буй асуудалд хатуу арга хэмжээ авч, цагдаа тагнуулын байгууллагатай ажиллахаар төлөвлөж байгаа тухайгаа албаныхан дуулгалаа.
И-Монголиа-гаас дархлаажуулалтын мэдээллээ шалгаарай

Иргэд хүүхдүүдийнхээ дархлаажуулалтын мэдээллийг И-Монголиа системээс шалгах боломжтой юм. Мөн ягаан дэвтрээ шалгах хэрэгтэй. Хэрэв ягаан дэвтэрт вакцин хийлгэсэн тухай бичигдсэн ч И-Монголиа системд бүртгэгдээгүй байвал өрх, дүүргийнхээ эрүүл мэндийн төвд очин “улаанбурхны вакцинд хамрагдсан” гэж дархлаажуулалтын цахим системд бүртгүүлэх шаардлагатай аж.
Мөн өрхийн эрүүл мэндийн төвүүд дээрх хугацаанд хоёр багаар ажиллаж байгаа юм байна. Тодруулбал, нэг баг нь өрхийн эрүүл мэндийн төвдөө уртасгасан цагаар ажиллаж байгаа юм. Харин хоёр дахь баг нь явуулаар ажиллаж буй ажээ. “Хаалганаас хаалганд” арга хэмжээний товлолт дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүдийн нэрийг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд гаргажээ. Энэ дагуу өрх өрхөөр дархлаажуулалт хийж байна.
Түүнчлэн энэ сарын 3-ны байдлаар ХӨСҮТ -д өдөр бүр 360-400 хүүхэд улаанбурхан өвчний сэжигтэй шинж тэмдгээр яаралтай тусламжид ханджээ. Мөн эдгээр хүүхдүүдийн дийлэнх нь вакцинжуулалтын насанд хүрээгүй, бага насны хүүхдүүд байгаа юм.
ХӨСҮТ-ийн чанарын менежер Б.Энхжаргал “Аль болох бага насны хүндрэх эрсдэлтэй хүүхдүүдийг эмнэлэгт хэвтүүлж байна. Шүргээд өнгөрөх төдийд халдвар авдаг учир хүүхдүүд сургууль дээрээ халдвар тээж тэр дундаа вакцин хийлгээгүй хүүхдүүд түлхүү өвдөж байна” гэв.
Заавал хийх үндэсний товлолт вакцины хүрээнд улаанбурхан өвчний эсрэг вакциныг есөн сар, хоёр настайд нь хийдэг. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн ихэнх нь вакцины нас болоогүй хүүхдүүд байгаа нь өвчлөл хүндрэх, эндэх эрсдэлтэй юм. Тиймээс вакцины нас болоогүй хүүхэдтэй, зарим тохиолдолд вакцинаас харшилдаг хүмүүсийн гэр бүлийнхэн нь вакцинд идэвхтэй хамрагдсанаар өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нэг алхам болно гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.
Хэдий сургууль, цэцэрлэг амарсан ч зуны цэцэрлэг, хөтөлбөрүүд ажилласан хэвээр байгаа. Тиймээс улаанбурхны өвчлөлтэй холбогдуулан ЭМЯ, ХӨСҮТ-өөс анхааруулга мэдээллийг өгөн ажиллаж байна.
Улаанбурхан өвчнөөс бага насны хүүхдээ сэргийлэхийн тулд хүүхдийг эхийн сүүгээр хооллох, өдөрт 4-5 удаа заавал хооллох, хүүхдэд А, С аминдэмээр баялаг хоол хүнс түлхүү өгөх, А, Д, С аминдэм болон бусад аминдэмийг нэмэлтээр өгөх, хүүхдийг олон нийтийн газар авч явахгүй байх зэрэг энгийн алхмуудыг хийх хэрэгтэй. Мөн хүүхэддээ усан чийрэгжүүлэлт хийх, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж, хоёр цаг тутамд агааржуулах хэрэгтэй байна. Цаашлаад аль ч насны хүн улаанбурхан өвчнөөс сэргийлэхийн тулд дархлаагаа дэмжих, биеийн эсэргүүцлийг сайжруулах хүнс хэрэглэх шаардлагатайг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин учраас хамгийн гол сэргийлэлт болох улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалахыг эмч, мэргэжилтнүүд онцгойлон анхааруулж байгаа юм.
“Вакцины хоёр тунгаа бүрэн хийлгэснээр өвчлөх эрсдэлээс сэргийлэх боломжтой”

Улаанбурхны халдвар, тархалттай холбогдуулан ХӨСҮТ-с долоо хоног бүр мэдээлэл хийдэг. Энэ үеэр НЭМГ-ын Нийтийн эрүүл ахуй, халдварт өвчний хэлтсийн дарга З.Болормаа “Улаанбурхан өвчний товлолт вакцинд хамрагдах ёстой 0-15 насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах, одоогийн өвчлөлийн зургаан хувийг эзэлж байгаа товлолт дархлаажуулалтын нас нь болоогүй буюу 6-8 сартай хүүхдүүдэд нэмэлт дархлаажуулалт хийх ажил үргэлжилж байна. Дархлаажуулалтыг эрчимжүүлэх ажил зургаадугаар сарын 23-наас долдугаар сарын 9-нд явагдана. Нөхөн болон нэмэлт дархлаажуулалтыг дүүрэг, өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд хийж байна. Нийслэлийн хувьд есөн дүүргийн 158 өрхийн эмнэлэг ажлын өдрүүдэд уртасгасан цагаар буюу 21:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагт ажиллаж байгаа. Хоёр тунгаа бүрэн хийлгэж байж улаанбурхнаар өвчлөх эрсдэлээс сэргийлэх боломжтой” гэв.
“Улаанбурхны вакцин үйлдвэрлэлт, тээвэрлэлт, хадгалалт протоколоор баталгааждаг”

ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа “Улаанбурхны вакцин бол үйлдвэрлэгчээсээ эхлээд вакцинд хамрагдах иргэнийг хүртэл тээвэрлэлт, үйлдвэрлэлт, хадгалалтын хүйтэн хэлхээний хоорондох бүхий л үйл ажиллагаа аюулгүй ажиллгааны протоколоор баталгаажсан байдаг. Тиймээс иргэд вакцин хийлгэхэд айх айдасгүй, эргэлзээгүйгээр хамрагдах бүрэн боломжтой. Мөн иргэд өвчлөлөөс сэргийлэхийн тулд нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцохдоо, нийтийн тээврээр үйлчлүүлэх үедээ амны хаалтаа зүүж, эрүүл ахуйн шаардлагаа хангах хэрэгтэй. Батлагдсан болон сэжигтэй тохиолдол илэрсэн бол эрт тусгаарлаж, эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах шаардлагатай” гэлээ.
Ч.Бямбахажид