Шинээр байгуулагдсан Засгийн газраас төрийн албаны нийт бүтцийг 9%-иар, төрийн өмчит компанийг 15%-иар цомхотгоно гэж мэдэгдсэн. Тэгвэл төрийн албаны бүтцийг цомхотгох талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат: Зарим салбарт хэрэггүй орон тоо байгаа. Зарим салбарт хэмнээд, хэмнээд үр ашигтай ажиллаж байгааг 9% цомхотго гэдэг байдал хэт өрөөсгөл болох вий гэж болгоомжилж байна. Төрийн албанд чадалтай, мэргэжилтай тогтвор суурьшилтай ажиллаж байгаа хүмүүст буруу мессеж болж очно. Эргээд төрийн албанаас зугтдаг болно. Олон жил гадаад дотоодод мэргэжил боловсрол эзэмшээд 10-20 жил ажилласан мэргэжилтнүүддээ хэдэн сарын тэтгэмжийн асуудлаас болоод хөөгөөд гаргачихвал төрд хамгийн чадамжгүй хүмүүс цугладаг газар болно. Тиймээс урт хугацааны бодлого, итгэлцэл гэрээний үндсэн дээр хийсэн асуудлыг шууд хөндөж болохгүй гэдэг байр суурь гаргасан. Ний нуугүй хэлэхэд төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн гэр бүл бизнес хийх нь хязгаартай, цалингийн дээд хэмжээтэй байдаг” гэлээ.