horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Европын өмнөд нутгуудаар хэт халж, агаарын хэм цельсийн +40 градус давлаа

post-img

Өмнөд Европын бүс нутгийн Итали, Испани, Грек, Португал зэрэг улсуудад хэт халж, агаарын хэм цельсийн +40 градусыг давснаар орон нутгийн эрх баригчид түгшүүр зарлаж, мөн хуурайшилтаас үүдэлтэй ой хээрийн түймрийн эрсдлээс сэргийлээд байна.

Цаг уурын эксперт, мэргэжилтнүүд хэт халалтын шалтгааныг уур амьсгалын өөрчлөлтэй холбон тайлбарлаж байгаа бөгөөд иймэрхүү хэт халах үзэгдэл Европын өмнөд бүс нутагт тогтмол нэмэгдэх болсныг анхаарууллаа.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Италийн Лацио, Тускан, Калабриа, Пуглиа, Умбриа зэрэг мужийн удирдлагууд хэт халалтын улмаас гадаа ажиллах болон ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглох шийдвэрийг гаргасан бол Италийн үйлдвэрчний эвлэлийн хороодын зүгээс дээрхтэй ижил шийдвэрийг улсын хэмжээнд гаргахыг засгийн газарт уриалжээ. Мөн Италийн эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэнээр ням гарагт тус улсын Ром, Милан, Неаполь зэрэг аялал жуулчлал, амралт зугаалгын 27 томоохон хотын 21-д нь агаарын хэм түгшүүрийн хэмжээнд хүрч халсныг бүртгэсэн байна.

Португал улсын нийт газар нутгийн гуравны хоёрт нь хэт халалт болон ой хээрийн түймрийн эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тул өндөр түгшүүр зарлажээ. Тус улсын нийслэл Лиссабон хотод агаарын хэм цельсийн +42 градус хүрсэн байна.

Грек улсад мөн л цаг агаарын аюултай нөхцөл байдал болон ой хээрийн түймрийн түгшүүр зарласнаас гадна өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт нийслэл Афин хотын өмнөд хэсгийн бүсэд гарсан ой хээрийн түймрийн улмаас ойр орчмын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, авто замуудыг хаасан бөгөөд эрх баригчдын зүгээс 130 гал сөнөөч, 12 онгоц, 12 нисдэг тэргийг ой хээрийн түймрийг унтраахад дайчилжээ.

Испани улсын ихэнх хэсэгт температурын хэмжээ олон жилийн дунджийг давсан үзүүлэлт бүртгэгдэж, хэт халсны улмаас орон нутгийн эрх баригчдын зүгээс аюул, түгшүүр зарлаж, ард иргэддээ аюулгүй байдлын сануулга хүргүүлэх зэрэг арга хэмжээг авчээ. Тус улсын өмнөд хэсгийн Севилль хотод агаарын хэм цельсийн +42 градус хүрсэн байна. Мөн Испанийн үндэсний цаг уурын албанаас мэдэгдсэнээр энэ жилийн 6-р сар агаарын хэмийн хэмжээгээрээ ахин шинэ дээд рекорд тогтоож байгааг мэдэгджээ.

Хэт халалт ахмад настнууд болон хүүхэд багачуудад хамгийн хүндээр тусдаг тул өдрийн ид халууны үеэр гадаа, биеийн хүч шаардсан хөдөлгөөн хийж, хөдөлмөр эрхлэхгүй байх, мөн шингэн зүйл их хэмжээгээр хэрэглэхийг мэргэжилтнүүд сануулж байна.

Lancet Public Health сэтгүүлд өнгөрсөн жил хэвлэгдэн гарсан нэгэн судалгаанд уур амьсгалаас үүдэлтэй хэт халалтын улмаас нас барах явдал нэмэгдэх эрсдэлтэй байгаа буюу энэ төрлийн нас баралт 2050 он гэхэд дөрөв дахин өсөх болно гэсэн урьдчилсан таамаг тооцоог гаргаж байжээ.

0/1000