Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун ням гарагт тус улсад айлчилж буй ОХУ-ын Соёлын сайд Ольга Любимоваг хүлээн авч уулзаж, уулзалтын үеэр хоёр улсын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг улам гүнзгийрүүлэн нягтаршуулахын тулд соёлын харилцаа, солилцоо нэн чухал болохыг онцолсон байна.
БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрийн намын өдөр тутмын хэвлэл болох Родон Шинмүн сонины даваа гарагийн дугаарт Ким Жон Ун, Ольга Любимова нарын ням гарагт Пхеньян хотноо хийсэн уулзалтын талаар мэдээлжээ.
Ким Жон Ун хэлэхдээ, соёл, урлагийн салбарын солилцоо нь хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрамдлын хэлхээ холбоог бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг гэжээ.
ОХУ-ын соёлын сайд О.Любимова мөн Умард Солонгосын удирдагчтай уулзахын өмнө тус улсын соёлын сайд Сүн Жон Гю-тэй уулзаж, хоёр улсын засгийн газар хоорондын соёлын солилцоог хөгжүүлэх төлөвлөгөөг баталсан тухай мэдээлэл мөн гарчээ.

Родон Шинмүн сонинд Оросын соёлын сайдын айлчлал Пхеньян, Москвагийн хооронд байгуулсан иж бүрэн стратегийн түншлэлийн хэлэлцээрийн нэг жилийн ойтой давхцсаныг онцолжээ. Уг гэрээ нь цэргийн харилцан дэмжлэг үзүүлэхийг шаарддаг бол Ким Жон Уны Оросын соёлын сайдтай уулзсан явдал нь хоёр улс цэргийн бус салбар дахь харилцааг ахиулна гэж найдаж байгааг илтгэн харууллаа хэмээн ажиглагчид үзэж байна.