Сүүлийн өдрүүдэд авто зам, явган хүний замын засварын ажилтай зэрэгцэн Автобусны буудлын карма хэсгийг тэгшилж байгаа. Үүнтэй холбогдуулан хотын дарга дараах тайлбарыг хийлээ.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: Карма байхгүй болохоор нэгдүгээр эгнээгээр зөвхөн автобус зорчино. Нийтийн тээврийн зорчих хэсэг дээр иргэд, жолооч нар автомашинаа байрлуулж түгжрээ үүсгэдэг. Тэгэхээр бид нар нэгдүгээр эгнээг бүхэлд нь улаан өнгөөр тэмдэглээд “А” тэмдэглэгээтэй болгоод зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл зорчуулна. Өөрөөр хэлбэл автобус карма руу шахаж орж ирэх шаардлагагүй. Автобусны буудал дээр нэгдүгээр эгнээгээ эзлээд зогсоно. Бусад автобуснууд ар араасаа буудалдаа зогсоно. Нэгдүгээр эгнээ чөлөөтэй байвал энхтайвны өргөн чөлөөгөөр нийтийн тээврийн зорчих хөдөлгөөний хурд огцом нэмэгдэх боломжтой.