Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Н.Тавихбэх: “ДЦС 3”-т гарсан хохирлыг арилгахад их хэмжээний санхүүжилт шаардагдана
- 2025/06/20

- 10 өдрийн өмнө

- 3 мин уншина

“ДЦС 3” ТӨХК-д Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Тавихбэхийг бүрэн эрхт төлөөлөгчөөр томиллоо. Онцгой дэглэм тогтоосон газруудад бүрэн эрхт төлөөлөгч томилж ажиллуулдаг жишиг Монголд тогтоод байна.

Өнөөдрөөс “ДЦС 3” ТӨХК-д ажиллах бүрэн эрхт төлөөлөгч “Санхүүжилт сайн шийдвэрлэж байж л ирэх өвлийн халаалтын асуудлыг шийдэх боломжтой” гэдэг хариулт өглөө. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.

-Нөхцөл байдлыг шийдвэрлэх ямар гарц байна вэ?

-“ДЦС 3”-т гарсан осолтой холбоотойгоор ЗГ-аас салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, тус станцад онцгой дэглэм тогтоон, намайг бүрэн эрхт төлөөлөгчөөр томиллоо. “ДЦС 3”-ын гэмтсэн тоног төхөөрөмж бол дандаа импортоор авдаг тоног төхөөрөмж. ЗГ, ЭХЯ, станцаас байгуулсан ажлын хэсэг энэ төрлийн үйлдвэрлэл явуулдаг 3 орны 11 компани руу холбогдож, хүсэлт илгээгээд байна. “Турбо генератор ямар үнэтэй вэ? Үүнийг хэдээр угсрах бол? Ямар хугацаанд гүйцэтгэх талаар санал ирүүлээч” гэсэн. Одоогоор ямар нэгэн санал ирээгүй байна. Санал ирж байж дундаж хугацаа тодорхой болно. Мэдээж Улаанбаатар хот болоод улсын хэмжээнд цахилгаан дулааны хомсдолд орсон учраас хамгийн богино хугацаанд тоног төхөөрөмж нийлүүлж, угсрах компанитай хамтран ажиллана.

Би 1 зүйлийг онцолж хэлье. Салбар үнэ тарифаас болоод алдагдалтай ажиллаж байгаа. Үнэ нэмсэн боловч хангалттай хэмжээний орлого олоогүй байна. Үнэ тарифын нэмэгдэл хөрөнгө оруулалт хийх хэмжээнд биш. Зөвхөн өртгөө нөхөх хэмжээний санхүүжилтийг л үнэ тарифын нэмэгдэлд оруулсан.

“ДЦС 3”-т гарсан ослоос болж, нэмэлт санхүүжилт хэрэгтэй. Тэр дундаа их хэмжээний санхүүжилт хэрэгтэй болсон. Тиймээс санхүүжилтийг ЗГ шуурхай шийдвэрлэвэл ажлыг хурдан хийх бололцоо бүрдэнэ. Эрчим хүчний томоохон төсөл, хөтөлбөрүүд бүгд хөрөнгө мөнгөнөөс болж гацдаг.

-Одоо 7-р турбинээ нэмж ажиллуулбал дулааны үнэ нэмэгдэх үү?

-ЭХЗХ хараат бусаар үнэ тарифаа тогтоох учиртай. Энэ журмаар дулаан, цахилгааны үнэ тарифыг нэмсэн ч дулааны үнэ нэмэх хугацааг ЗГ хойшлуулсан.

-Их хэмжээний гэж хэдэн төгрөг байх бол?

-Үнийн санал гадаадаас ирээгүй байна. Тэр санал ирсний дараа тодорхой болно.

-ОХУ турбин нийлүүлэх санал өгсөн байсан?

-ОХУ-ын ЭСЯ-тай уулзахаар цаг товлосон байгаа.

-Эрчим хүчний салбарт тендер зарлаагүйгээс тануулж байгаа хэчнээн төгрөгийн төсөв байгаа вэ?

-Манайх бүх тендер, худалдан авалтын ажлаа эрт зохион байгуулсан. Манайхаас танах төсөв байхгүй. Дулааны эх үүсвэрийг орлох хэмжээнд нэмэлт арга хэмжээ авах төсвийг шийдүүлэхээр тооцоо, төсвөө гаргаад өгчихсөн байгаа. Одоогийн байдлаар 16 тэрбум төгрөг төрөөс шийдвэрлээд өгчихвөл өнгөрсөн оны хэмжээнд халаалтаа тавиад явах бололцоо бий.

-9 турбины дэргэд ажиллаж байгаа хүмүүсийнхээ хөдөлмөрийн аюулгүй байдлыг цаашид хэрхэн хангах вэ. Сая гарсан осол шиг осол давтагдахгүй гэх баталгаа бий юу?

-Технологийн зөрчил буюу аваар гарсан. Аваараас шалтгаалж хүний амь нас эрсэдсэн хэрэг дээр ажиллаж байгаа эрх бүхий комиссуудын дүгнэлт гараагүй байна. Тиймээс би урьдчилж энэ талаар ярих бололцоо байхгүй. Манай салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, техник ашиглалтын дүрэм өндөр хэмжээнд мөрдөгддөг. Хамаагүй ярьж болохгүй.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа

- Шинэ
- Хандалттай