horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Ам, ажлын хооронд алд дэлэм зай байгааг дэд сайдуудын томилгоо нотлох нь

post-img

Төрийг цомхон бүтцээр явуулна гэж амлаж гарч ирсэн Г.Занданшатар дэд сайдууд томилохоор болсноо зарласан нь олон нийтийн анхаарлыг татлаа. Даваа гарагт чуулганы индэр дээрээс Ерөнхий сайд Г.Занданшатар “Дэд сайдын асуудал хууль дээр байна лээ. Өмнөх Засгийн газрын үед орон тоо, төсөвтэйгөө байгаа юм билээ. Хэл ам, шүүмжлэлээс болоод томилоогүй. Дэд сайд нарыг үр дүнтэй ажиллуулах л асуудал. Гадаад харилцааны сайд гадаад явлаа. Гадаадын зочин ирлээ. Орлох хүн байх ёстой. Ямар ч компанийн удирдлагын нэгжид орлох хүн байдаг. Хэмнэх гэхээс илүү үр дүн юу байна, үр ашиг гэж юу байна гэж судалж шийдэх ёстой. УИХ-тай зөвшилцөөд шийдэх ёстой асуудал” гэсэн юм.

Харин өчигдөр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учрал “Дэд сайдын статус үргэлж хэрэг болдог. Сайд нар чуулгандаа суух ёстой ч яамны ажил нь дийлддэггүй. Тэгэхээр дэд сайдууд сайдынхаа ажлыг орлохоос гадна гадаадын томоохон гэрээ хэлцэлд их оролцдог. Гэтэл дэд сайд томилоогүй үед тухайн хэлцэлд сайдын статус томдчихоод, төрийн нарийн бичгийн дарга төрийн албан хаагч учраас бас орж болдоггүй зовлон бий. Харин дэд сайдууд томилчихвол дээрх асуудлууд шийдэгдэнэ. Хэмнэлтээс илүү үр ашиг авчирна” гэж мэдэгдсэн юм.

Засгийн газрын тэргүүний үгийг Эдийн засаг, хөгжлийн сайд нь бататгачихлаа. Төсөв хэмнэж байгаа нэрээр хамтарсан Засгийн газрын үед бий болгосон бүтээмжийн менежер, хяналтын менежерүүдийг байхгүй болгоно  гэж мэдэгдсэн. 200 гаруй хүнийг бүтэн жил цалинжуулж байгаа дээрх томилгооны дэргэд дэд сайдын томилгоо тун цомхон гэдэг зөвтгөл эрх баригчдад байна.

Харин хамтарсан засгаас гарч, давхар дээлээ тайлаад удаагүй байгаа АН-ын дарга Л.Гантөмөр “Хяналтгүй төр хэзээ ч хөгжихгүй. Хяналтын менежерүүдийг халаад дэд сайдуудыг томилно гэдэг хоолны сав тэжээж, улстөрч болгох сургалтыг үнэ төлбөргүй хийж байгаа явдал” хэмээн тодорхойлсон юм.

Дэд сайдуудыг томилох асуудалд МАН-аас сонгогдсон их хурлын гишүүд харилцан адилгүй байр суурьтай байна. Шинээр сонгогдсон гишүүдийн хувьд дэд сайдуудын томилгоонд таагүй хандаж байгаа бол олон дахин сонгогдсон гишүүд бол дэмжих байр суурьтай байгаа юм. Дэмжигч гишүүд  “Дэд сайдыг томилох бол ядаж нэр цэвэр, хулгай зэлгий, Засгийн газрын тусгай сангуудад нэр холбогдоогүй хүмүүсийг томилох ёстой” гэж үзэж байгаагаа цөөнгүй илэрхийлсэн байдаг. 

Шинээр бүрдсэн Засгийн газар Ерөнхий сайдыг оруулаад 20 сайдтай. Ерөнхий сайд, шадар сайдуудыг хасвал 16 дэд сайд  томилогдоно гэсэн үг. Гэвч дэд сайд гэдэг бол мөн л дарга нэмж байгаа явдал. Хэдийгээр дэд сайдуудад туслах, жолооч зэрэг нэмэлт орон тоо үүсгэхгүй гэж амлаж байгаа ч дэд сайдын цалингийн төсөв зайлшгүй бий болно. Түүнчлэн чамгүй эрх мэдэлтэй дэд сайдын сэнтий гэдэг улс төрд танигдах маш таатай суудал гэдгийг дэд сайдын албанаас их хуралд сонгогдсон улстөрчдийн түүх нотолно.

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний хуульд өөрчлөлт оруулж батлуулах ажил парламентын явцад өрнөж байгаа ч дэд сайдуудын бүтцийг хэвээр хадгална гэдэг шийдэл ам, ажлын зөрүү болж, эхнээсээ Г.Занданшатарын Засгийн газрыг тойрохгүй дайрна гэдгийг батлах нь.

Засгийн газрын бүтцийг бүхэлд нь давхар дээлтэй сайд нараас бүрдүүлсэн Ерөнхий сайдад нам доторх фракцуудын дарамт шахалтаас үүдэлтэй дэд сайдуудын орон тоог үүсгэхээс өөр сонголт үлдээгүй бололтой. Төрийн албыг цомхон болгохын тулд 14400 албан хаагчийг цомхотгож байгаа атлаа эрх мэдэлтэй, дарга сэтэртэй дэд сайд нарын орон тоо үүсгэж байгаа нь олны эгдүүцлийг өдөөх шалтгаан болж магадгүй юм.

0/1000
Иргэн

Манай боловсролын салбарт сайд нь ч тэр, дэд сайд нь ч энэ салбарын талаар А ч үгүй улс ирдэг болоод удаж байна. Боловсролыг хүн бүр мэднэ, чадна гэж боддог бололтой.