Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар өчигдөр хэлэлцэгдсэн асуудлуудын 1 нь Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байсан юм. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний хуульд өөрчлөлт оруулж байгаагийн хажуугаар парламентын бүтцийг өөрчлөх асуудал ч давхар яригдаж эхэллээ. УИХ-ын гишүүд байнгын хорооны дэргэд дэд хороо байгуулах асуудлыг хэлэлцэхдээ тухайлсан байнгын хорооноос нь санал авах ёстой гэдэг байр суурьтай байсан юм.

УИХ-ын 40 гаруй гишүүн өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн гол өөрчлөлт нь Ерөнхий сайдыг чуулганы танхимд гишүүдтэйгээ зэрэгцэж суухаар тусгасан бөгөөд уг асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэх шаардлагатай гэж үзээд 5 хоногийн завсарлага авлаа. УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд одоо үйл ажиллагаа явуулж байгаа 11 байнгын хороог цөөлж 7 байнгын хороонд нэгтгэж шинээр өргөдлийн байнгын хороог байгуулах асуудал мөн багтаж байгаа юм. Тодруулбал ёс зүй дэгийн байнгын хороог Төрийн байгуулалтын байнгын хороонд, Цахим болон Аж үйлдвэржилтийн байнгын хороог Эдийн засгийн байнгын хороонд, Боловсролын байнгын хороог Нийгмийн бодлогын байнгын хороонд нэгтгэнэ. Гишүүдийн зүгээс Боловсролын байнгын хороог бие даасан байдлаар ажиллуулах нь зүйтэй гэсэн санал хэлж хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, чуулганы хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.