horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Төсвийн тодотгол бидэнд бүсээ улам чангалахыг сануулж байна

post-img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг өнгөрсөн 7 хоногт эхэлсэн. Анх төсвийн тодотголыг 3,3 их наядаар бууруулах шаардлага үүссэнийг зарласан ч 2025 оны төсвөөс ийм хэмжээний зардал бууруулбал төрийн үйл ажиллагаа хэвийн алдагдах эрсдэлтэй учраас төсвийн тодотголоор зардлаа 2.3 их наяд төгрөгөөр бууруулж, төсвийн алдагдлыг 1.8 их наяд төгрөгт барихаар тооцож оруулж ирснээ Сангийн сайд мэдэгдсэн билээ.  Нийт хасагдаж буй зардлын 1.5 их наяд төгрөгийг урсгал зардлаас, 600 орчим тэрбум төгрөг нь хөрөнгө оруулалтын зардлаас хасахаар тооцсон байдаг. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн төлөвлөсөн зардал хасагдахгүй, харин төрийн бүх шатанд урсгал зардлаа танах төлөвлөгөөтэй. Засгийн газраас оруулж ирсэн таналтуудын заримаас дурдахад

-Төрийн тусгай байгууллагуудаас бусад бүх шатны төсвийн байгууллагын тээвэр, шатахуун, дотоод албан томилолт, хичээл үйлдвэрлэлийн зардлыг 28.9 тэрбум төгрөгөөр;

– Төрийн өндөр, дээд айлчлал болон өндөр түвшний зочин төлөөлөгч хүлээн авахаас бусад гадаад албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах зардлыг 4.5 тэрбум төгрөгөөр;

– Бүх шатны төсвийн байгууллагын тавилга, эд хогшил худалдан авах, урсгал засвар хийх болон багаж техникийн зардлыг 104.4 тэрбум төгрөгөөр;

– Төсвөөс төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад олгодог татаасыг 76.8 тэрбум төгрөгөөр;

-Байгууллагаас олгох нэг удаагийн болон бусад төрлийн тэтгэмж, урамшууллыг 30.2 тэрбум төгрөгөөр;

– Бүх шатны төсвийн байгууллагуудын хэрэгжүүлдэг хөтөлбөр, арга хэмжээний зардлыг 617.3 тэрбум төгрөгөөр хэмнэхээр тооцжээ.

Ингэснээр төсвийн зардал нэг их наяд 508.4 тэрбум төгрөгөөр буурах гэнэ. 

Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасан хугацаанд худалдан авах ажиллагааг дуусгаж, гэрээ байгуулаагүй төслүүдийн санхүүжилтийг зогсоох зохицуулалтын хүрээнд Засгийн газар 2025 оны зургаадугаар сарын 20-ны өдөр “Төсвийн хэмнэлтэд тооцох тухай” тогтоол гаргасан байдаг. Энэ тогтоолд туссан 535.9 тэрбум төгрөгийг нэмж тооцвол нийт хоёр их наяд 44.2 тэрбум төгрөгөөр төсвийн зарлага буурах болно гэж мэдэгдсэн юм.

Түүнчлэн төсвийн зардал бууруулах хүрээнд анхаарал татаж байгаа зарим ажлуудыг дурдахад:

– Малын вакцин, мал эмнэлгийн үйлчилгээний зардлын 50 хувийг малчнаар төлүүлэх;

-Ерөнхий боловсролын салбарын хоол үйлдвэрлэлд  төсвөөс санхүүжүүлдэг орон тоо, урсгал зардлыг бууруулах;

-Төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуульд олгож байгаа хувьсах зардлын санхүүжилтийг зогсоох;

-Төрийн өмчийн их дээд сургуулийн байр ашиглалтын төлбөрийг төсвөөс төлөхийг зогсоож өртгийг сургалтын төлбөрт шингээх;

-Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тандалт судалгааны чиг үүрэг, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн  үндэсний төвийг нэгтгэж нэг байгууллага болгох, харьяанд нь орон нутаг дахь зоонозын өвчин судлалын нэгж, эрүүл мэндийн газруудын нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан нэгж, чиг үүргийг харьяалуулах;

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд харьцуулж тэтгэврийн доод хэмжээ тогтоодог хуулийн зохицуулалтыг өөрчилж даатгуулагчийн төлсөн шимтгэлтэй уялдуулж тэтгэвэр тооцох тогтолцоонд шилжих;

-Зарим яамдын харьяанд байгаа амралт сувилал, зуслан, спорт хороо, зарим урлаг, соёлын байгууллагыг аж ахуйн тооцоонд шилжүүлэх, хувьчлах замаар төсвөөс гаргах;

-Удирдлагын академид төсвөөс жил бүр олгодог татаасыг зогсоож сургалтын төлбөрөөр нь санхүүжүүлэх зэрэг хатуухан шийдвэрүүдийг Г.Занданшатарын засгийн газар гаргажээ. Төсвийн зардал бууруулах хүрээнд бүх шатны төрийн байгууллагад хэмнэлтийн арга хэмжээг хэрэгжүүлэх:

  • Үр ашиггүй зардлыг бууруулах, зайлшгүй шаардлагатайгаас бусад арга хэмжээ, зардлыг тэвчих зэргээр батлагдсан төсөвтөө 20-оос доошгүй хувиар хэмнэлт хийх;
  • 2025, 2026 оны төсвийн жилд өндөр насны тэтгэвэр тогтоолгох болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх, шинээр ажлын чиг үүрэг, албан тушаалын орон тоо бий болгохгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулах зэргээр цалин хөлсний зардлыг хэмнэх;
  • Төсвийн хөрөнгөөр цаасан мэндчилгээ илгээх, бэлэг дурсгалын зүйлс, цүнх, календарь зэрэг зүйлс бэлтгэх, ивээн тэтгэхгүй байх; 
  • Байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, цэвэр усны хэрэглээнд 20-аас доошгүй хувиар хэмнэлт хийх;
  • Төсвийн хөрөнгөөр нийтээр тэмдэглэх баяр ёслол, салбарын өдөр, нэрэмжит болон тэмдэглэлт ой, аялал зугаалга, тойрон аялал, урлагийн наадам, спортын уралдаан тэмцээн зохион байгуулах зардал;

2025 оны төсвийн жил дуусах шатандаа ойртсон өдрүүдэд засгийн газраас оруулж ирсэн төсвийн тодотгол төрийн өмчийн их дээд сургууль, хувийн хэвшлийн сургууль цэцэрлэгийн сургалтын төлбөрийг нэмэгдүүлэх үндэслэл болж байна. Түүнчлэн хэд хэдэн төсвөөс санхүүждэг байгууллагуудыг нэгтгэх шийдэх хүртэл орсон нь цомхотгол төрийн түвшинд бодитой өрнөхийн баталгаа болжээ. Ингэснээр инфляц буюу үнийн өсөлт ирэх намар огцом өсөх эрсдэл үүсэж байна.

Засгийн газрын оруулж ирж байгаа төсвийн тодотгол нь бид ганцхан жилийнхээ гадаад дотоод эдийн засгийн эрсдэлээ тооцоолж чадаагүйтэй шууд холбоотой. Үүсэж болох болзошгүй эрсдэлийг Засгийн газар зөв дүгнэлгүй төсвийг хэт тэлсний горыг ард иргэд төлбөрийн дарамт инфляцаар дамжуулан ирэх намраас төлж эхлэх нь тодорхой боллоо. Чангалсан байгаа бүсээ ахиад илүү чангалах шаардлага үүссэнийг төсвийн тодотгол та бидэнд анхааруулж байна.

0/1000